Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3
/1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар