Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэв гуай бурхан болжээ.
Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын харьяат тэрбээр 1935 оны хоёрдугаар сарын 9-нд төрсөн.
Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд УБДС, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж , эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн.
УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч , тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.
Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Ном, товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд:
Хорвоотой танилцсан түүх (тууж), “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” (шүлгүүд), “Нөхөд” (тууж), “Анчны тэмдэглэл” (өгүүллэгүүд), “Осолтой жим” (тууж), “Уулын үер” (роман), “Жаалууд” (өгүүллэгүүд), “Зохиогүй чимэг” (өгүүллэгүүд), “Нүүдэл” (роман), “Алтан гадас чигийг заана” (баримтат тууж), “Хөдөөнийхөн” (өгүүллэгүүд), “Мөнхийн ус” (тууж), “Оргил” (шүлгийн түүвэр), “Нүүдэл суудал” (роман), “Ухаан” (тууж), “Үл ажиглагдам онцгой учралууд” (хүүхдийн зохиол), “Өнөөгийнхөн” (тууж, өгүүллэгүүд), “Бүгд найрамдах улсын анхдугаар он” (Улс төрийн роман), “Оройгүй сүм” (роман), “Хувьсгал танаа өчье” (баримтат өчил роман), “Эргүүлэг” (зохиолын цоморлиг), “Эрхий дарам зай” (туурь), “Дээр хөх тэнгэр доор бор дэлхий” (зохиолууд), “Дайралга дайравзай” (тууж), “Нүглийн гурван үүд” (зохиолууд), Төл (зөгнөлт роман), “Мөнхийн гал” (тууж) гэх мэт.
Кино зохиолууд:
“Зэрэг нэмэхийн өмнө”, “Миний монгол”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Таван нуурын дууль”, “Бөхөн”.
Сэтгүүлзүй, нийтлэлийн ном:
Болгар нутагт, Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага, Замбуулингийн наран дор, Өв тэгш хүмүүжил, Хүмүүс, Хүмүүжил цогцолбор асуудал, Асуудал, Найрамдлын жигүүрээр сансарт, Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч, Нарнаас ус , уснаас гал, Боловсроогүй боловсрол, Долоон үг гэх мэт нийтлэл, сурвалжлагын эмхэтгэлүүд бий.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье…
1 comment
Ум сайн амгалан болтугай