УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны үеэр Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар таницууллаа.
Засгийн газрын нөөц сангийн 10 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилжээ.
Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай зургаан нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай таван нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авч, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад хуваарилжээ.
Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1200, ОХУ-аас 200, ДЭМБ-аас 3000 оношлуурыг авч, оношилгоонд хэрэглэж байгааг онцоллоо.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр есөн нэрийн төрлийн 572 тоног төхөөрөмж худалдан авсан. Эдгээрийг Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хуваарилан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгээд байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлэг барих барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.
Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг найман сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгэж байгаа аж.
Түүнчлэн тусгаарлах байруудад лавлагаа төвийн нэг эмч ахлан, дадлагажигч эмч нарыг томилон ажиллуулж байна. Мөн 168 резидент эмч нарыг нийслэлийн автозамын хяналтын цэгүүдэд ажиллуулсан гэв.