Саудын Арабын хааны гэр бүлийн 150 гаруй гишүүн коронавирусийн халдвар авсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлэв.
Хааны төрөл төрөгсдөд үйлчилдэг Фейсал хааны нэрэмжит эмнэлэгт 500 ор нөөцөлсөн аж. Энд эрчимт эмчилгээнд хунтайж нарын нэг, Эр-Риядын амбан захирагч эмчлүүлж байна. Харин 84 настай Салман хаан өөрөө Улаан тэнгис арал дээрх ордондоо тусгаарлагджээ. Тусгаарлалтад мөн угсаа залгамжлагч хунтайж Мухаммад ибн Салман Аль Сауд болон бүх сайд нар орсон байна.
Саудын Араб улс цар тахалтай холбогдуулан хатуу дэг журам тогтоосон. Энэ дагуу томоохон хотуудыг хөл хориогоор хааж, гэрээс зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар л гарахыг зөвшөөрч байна.
Тус улсад албан ёсоор 2900 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 41 хүн нас барж, 631 хүн эдгэрсэн гэж мэдээлж байна.