Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс 18-дугаар сургуулийн багшийг 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан байсныг илрүүлжээ.
Зөрчил гаргасан сургуулийн багшид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх /240 мянган төгрөг/ хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна.
Хуулийн зүйл ангид “Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээжээ.
Цагдаагийн албан хаагчид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэгт харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.