Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар ярилцсан асуудлын талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч СЕХ-ны гишүүдтэй уулзаж, үүрэг даалгавар өглөө.
УИХ-аас ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Энэ дагуу СЕХ 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хойш явагдаж байгаа сургалтыг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Түүнээс гадна УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулсан.
Цаашид сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг мөн цахим хэлбэрээр явуулахаар болоод байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ болон түүний гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Болзошгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах, эрсдэлтэй үед хэрхэн ажиллаж сонгогчдын саналыг авах тухай саналаа хүргүүлэх, санал авах байрны тоог нэмэгдүүлэхийг судлах, сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, сурталчилгааг хэрхэн явуулах зэрэг саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүрэг өглөө.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиадад сонгууль хойшлуулахтай холбоотой заалтууд байдаг.
Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал СЕХ тэрхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл цаашид намууд, нэр дэвшигчид юу анхаарах вэ гэдэг дээр зөвлөмж хүргүүлнэ.
Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг л дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно” хэмээв.