АТГ-аас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүдийг шалгаж яллагдагчаар татсан байдаг.
2019 оны нэгдүгээр сард дээрх үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас парламентад хүргүүлсэн ч парламентын олонх тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдэгдлээ.
Учир нь, Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан.
Улмаар тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Удахгүй хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэх тайлбарыг өглөө.
Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэвлэлийнхэнд хандаж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямар ч хамаагүй.
АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг өгч байлаа.
Түүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн, ингэхдээ барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэх мэдээлэл бий.
Харин УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан нь тогтоогдсон байдаг.
Ямарч байсан прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээллээ. Эндээс харахад УИХ-ын 2020 оны хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байгаа өнөө цагт дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор оруулж ирэх нь тодорхой боллоо.
Нөгөө талд дээрх хоёр гишүүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж зээл авахад УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан.
Тэрбээр саяхан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм. Учир нь, түүнийг хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байхдаа УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл олгосон хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байгаа билээ.
Zindaa.MN