40 хүрэхээсээ өмнө чихрийн шижний хоёрдугаар хэлбэрт өртсөн хүмүүс энэ насандаа ийм өвчинтэй болоогүй хүмүүстэй харьцуулбал зүрх судасны өвчлөлөөс нас барах эрсдэл 2-3 дахин өндөр байдаг гэнэ.
Чихрийн шижний хоёрдугаар хэлбэртэй хүмүүсийн дундаж настай холбоотой судалгааны үр дүнд Circulation сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаа хийсэн эрдэмтдийн хэлснээр энэ өвчний онош тогтоолгосон нас нь зүрх судасны өвчний эрсдэл, тухайн хүн хэр наслах зэрэгт илэрхий нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь 40-өөс доош насандаа чихрийн шижинтэй болсон хүмүүс ирээдүйд зүрх судасны өвчлөлөөр өвчлөх нь илүү их бөгөөд бага насалдаг.
Мэргэжилтнүүд чихрийн шижний хоёрдугаар хэлбэртэй 300 000 гаруй хүн, мөн ийм өвчингүй 1500 гаруй хүн мэдээллийг судалж үзсэн байна. Тэд 40-өөс доош насандаа чихрийн шижинтэй болсон хүмүүс цаашид зүрхний өвчтэй болох эрсдэл их гэдгийг олж тогтоожээ.
Жишээ нь тэд зүрхний ишемик өвчин, зүрх судасны дутагдалд орох эрсдэл 4-5 дахин өндөр. Үүнээс гадна ажиглалтад байсан бүх хүн дундаас тэд зүрхний шигдээс, шигдээсийн өмнөх байдал, цус харвалтад өртөх, нас барах эрсдэл өндөр байжээ.
Түүнчлэн 40-өөс өмнөх насандаа чихрийн шижний хоёрдугаар хэлбэрт орсон хүмүүс чихрийн шижингүй үеийнхнийгээ бодвол зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 2-3 дахин илүү. Тэр дундаа эмэгтэйчүүд ийм эрсдэлд орох нь илүү их байв.
Чихрийн шижин илэрсэн насны үүднээс авч үзвэл амьдралынхаа хугацааг халдах эрсдэл нь дараах зүй тогтлоор илэрч байна. 20 насандаа чихрийн шижинтэй болсон хүн дунджаар амьдралынхаа 10 гаруй жилийг алддаг. 45 насандаа өвчилсөн хүмүүс амьдралынхаа 6 жилийг алдаж болзошгүй. Харин 65 насандаа чихрийн шижинтэй болсон бол амьдралынхаа хоёр жилийг алдана. Чихрийн шижний хоёрдугаар хэлбэр нь хараанд муугаар нөлөөлж, мэдрэл, бөөрийг гэмтээж, цусны даралтыг нэмэгдүүлж, цаашилбал цус харвалтад хүргэдэг. Тиймээс чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авч байх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: pro-klimovsk.ru
Орчуулсан Э.МАРТ