2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт орж 2017 оны хуулиар зөрчилд хамруулаад байсан мөрийтэй тоглоом зохион байгуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон. Уг өөрчлөлтийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.
– 2017 оны эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр мөрийтэй тоглоом зохион байгуулахыг Зөрчлийн хуульд хамруулж, үүнээс үдэн энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн гэх мэдээлэл байдаг. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Монгол Улсад сүүлийн үед мэдээллийн технологи, цахим орчинг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нэмэгдэж, хууль бусаар олсон орлогыг нуун далдлах зорилгоор мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг санхүүгийн гэмт хэргүүд давхар үйлдэгдэж байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нийт 655 зөрчлийн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 363 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, 292 гомдол, мэдээллийг шалгах хуулийн хугацаанд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Нийт шалгасан зөрчлийн хэрэг, гомдол, мэдээллээс:
2017 онд нийт 72 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 42 гомдол, мэдээлэлд,
2018 онд нийт 276 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 150 гомдол, мэдээлэлд,
2019 онд нийт 307 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 171 гомдол, мэдээлэлд тус тус зөрчлийн хэрэг нээж шалгасан байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг 2017 онд эрүүгийн хуулиас хасаж зөрчил гэж үзэж байсан бол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн.
– Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
– Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фейсбүүк, пэйж акаунт, гар утасны апплэкейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авсан.
Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, бэлэн мөнгө 250 сая төгрөгийг биетээр, макбүүк, нөтебүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл, компанийн бичиг баримт, гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200 гаруй сая төгрөгийн гурван тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжилсэн.
– Мөрийтэй тоглоом нь хар тамхитай адил донтуулдаг гэх мэдээлэл байдаг. Энэ тухайд?
– Мөрийтэй тоглоом нь хүнийг донтуулах нөлөөтэй. Тийм ч учраас нийгэмд учруулах хор нөлөө их, донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай, залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлддэг.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх этгээдүүд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхлыг ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж, үүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдон, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
– Мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулах нь түгээмэл байна гэж ойлгож болох нь ээ?
– Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад сүүлийн үед цахим орчны хяналтгүй байдал, интернетийн хязгааргүй хэрэглээнээс болж цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт иргэд их хэмжээгээр хөрөнгө мөнгө, эд зүйлсээ хууль бус үйл ажиллагаанд алдаж байна.
Иймд иргэд та бүхэн мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрээр тоглох хууль бус үйлдэл хийхгүй байх нь таны болон танай гэр бүлд учирч болох ноцтой хор уршгаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг анхаарч, гэмт хэргийн талаар бодит үнэн зөв мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.
– Мөрийтэй тоглоом тоглосон болон зохион байгуулсан тохиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?
– Мөрийтэй тоглоом тоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн Зөрчлийн тухай хуульд заасан. Харин мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд
“Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус нэмэлт өөрчлөлт орж хуульчлагдсан байна.