“Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг олгох гэж буйтай холбоотойгоор долоо хоног бүрийн даваа гарагийн ээлжит мэдээллээ өчигдөр хийлээ. Энэ удаа коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зайн технологийг ашиглан компанийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм.
Гуравдугаар сарын 30-наас энэ сарын 4-ны хооронд 18001072 утсаар 1840 хүн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авчээ. 280 иргэн 1072 мэдээллийн төв дээр ирж мэдээлэл авсан байна. Ингэснээр нийтдээ 29413 хүн өөрийн биеэр мэдээлэл авч, харин лавлах утсаар 70795 хүн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт “Сүүлийн үед 1072 хувьцааг цахим орчинд зарна, авна гэсэн худал мэдээлэл газар авч байна. Тэдгээр мэдээллүүдийг цацагдсан дариуд холбогдох байгууллага ЦЕГ-д өгч шалгуулсан. Хэд хэдэн хуурамч хуудсууд хандалтаа өсгөхийн тулд ийм үйлдэл хийсэнд холбогдох арга хэмжээг авсан.
Иргэддээ анхааруулахад иймэрхүү худал ташаа мэдээлэлд автахгүй байх, иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж байхгүй гэдгийг хатуу сануулъя.”Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа зарах боломжтой болно. Одоогоор хаалттай хувьцаа тул зарах боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны “1072 хувьцаа мэдээллийн төв” пэйж хуудаснаас авахыг анхааруулмаар байна” гэлээ.
Өмнө нь өгөөж хэлбэрээр олгогдож байсан буюу 2011 онд 615 мянган хүн 4.8 тэрбум төгрөгийг ЭМДШ-д суутгасан байна. Тухайн жилийн ЭМДШ 8040 төгрөг байсан. 2011,2012 оны сургалтын төлбөрт 278258 оюутан 500 мянгаас нэг сая төгрөгийг сургалтын төлбөрт суутгаж байсан. Үүний нийт мөнгөн дүн нь 137 тэрбум төгрөг болсон байна. Мөн 322 мянган ахмад настан 322 тэрбум төгрөгийн хувьцааг Засгийн газарт заржээ.
Нийтдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгийг иргэдэд өгөөж хэлбэрээр олгосон байна. Тэгвэл энэ удаа цар тахалтай холбоотойгоор хил хаасан, гадаад худалдаа хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор иргэдэд очих бэлэн мөнгө дотоодод бараа үйлчилгээнд зарцуулагдаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гэсэн судалгаа гарсан талаар танилцууллаа.