Дэлхийн 209 оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвар хүн төрөлхтний өдөр тутмын ажил, амьдрал, үйл ажиллагаанд олон өөрчлөлтийг авчирч байна.
Тэр дундаа ажил, албан уулзалт, хурал цуглаан, урлагийн тоглолт, киноны нээлт гээд бүхий л арга хэмжээ цахимжив. Манай улс ч бүхий л арга хэмжээг цаашлаад УИХ-ын чуулганаа цахимаар хуралдуулах гэж байна.
Хаврын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд чуулганыг цахимаар хуралдуулах боломж бүрдэнэ.
Үүнээс гадна УИХ-аар яаравчлан хэлэлцэх нэг асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөл. Тодруулбал, шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Уг асуудлыг хэлэлцэх эсэхийг Байнгын хороодоор мягмар гарагт хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, шийдвэрлэнэ.
Улмаар пүрэв баасан гарагт болох хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх юм. Хуулийн төсөлд Засгийн газраас гаргасан шийдвэрүүд буюу иргэн, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар, алданги торгуулиас чөлөөлөх, ажлын байрыг хадгалах зэрэг дөрвөн багц 14 арга хэмжээ багтжээ.
Мөн энэ долоо хоногт УИХ-аар “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлал, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Улмаар УИХ-ын гишүүдээс короновирусийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Ингээд анх удаа цахимаар хуралдах гэж буй долоо дахь парламентын отгон чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхийг сонирхуулъя.
- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.
Эдгээрээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх юм.