Урвалт гэдэг харамсалтай нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Хүмүүс урваж л байдаг, энэ бол бодит үнэн зүйл. Зарим нь мөнгөний төлөө урваж байхад зарим нь айсандаа, гурав дахь нөхцөл байдлаас болж урваж шарвадаг. Түүхэнд муу нэрээ үлдээсэн алдартай урвагчдаас эхний 9 хүний тухай мэдээллийг хүргэж байна.
1. Иуда Искариот
Иудагийн түүхийг хүн бүр мэддэг. Анх Есүс Христийн 12 элчийн нэг байсан Иуда тэдний дундын мөнгийг эзэмшдэг, магадгүй мөнгөнд дуртай нэгэн байсан юм. Иуда бусад элчийн адил үхэгсдийг дахин амьдруулж, өвчтөнүүдийг эдгээж, гайхамшгийг бүтээдэг нэгэн байсан гэдэг. Гэвч тэрбээр эзэнд урвасан тул энэ чадвараа алджээ.
Библид Иудагийн хүүхэд насны тухай хэд хэдэн баримт байдаг. Эцэг эх нь хүүгээ гай зовлон авчирна гэж зүүдэлсэн тул тэнгист авдарт хийн хаяжээ. Үнэхээр ч Эртний Грекийн Эдипт зааснаар бол Иуда олон жилийн дараа төрөлх хотдоо ирээд эцгээ хөнөөж, эхтэйгээ амрагийн харилцаатай болсон. Нүглээ наманчилж, гэмшсэний дараа Их Эзэн Иудасыг бүх нүглийг уучилж, Христийн 12 элчийн нэг болгожээ.
Иуда 30 мөнгөн зоосноос болж Есүс Христээс урвасан гэдэг. Ийм хэмжээний мөнгийг тэрээр дээд санваартнуудаас авсан юм. Есүсийг загалмайнд цовдолж цаазлах ял оноосны дараа Иуда хийсэн хэрэгтээ маш их харамсаж, мөнгийг нь буцаан өгөх гэсэн боловч дээд санваартнууд харамсах зүйл байхгүй гэж хэлжээ. Энэ үед Иуда зоосон мөнгийг сүмд орхиод өөрийгөө дүүжилж хороосон байна. Нэгэн сонирхолтой баримт хэлэхэд Иудагийн дүүжилж амиа хороосон мод нь улиас байсан гэдэг болохоор цус сорогчидтой холбоотой уран зөгнөлт бүтээлүүдэд вампируудыг улиасаар хийсэн гадас зүрхэнд нь зоож, зогсоож болно гэж бичдэг.
Иуда нь бодит амьдрал дээр байсан эсэхийг нарийн хэлэх боломжгүй юм. Бусад элч нарын тухай ч, мөн Библид дүрсэлсэн бүх хүмүүсийн тухай ч ижил зүйлийг хэлэх аргагүй. Гэхдээ Египетээс 1978 онд “Иудагийн Евангел” нэртэй, өөрсдийнх нь бичсэн баримт олдсон. Энд Иуда Искариотыг тэнгэрийн хаант улсын бүх нууцыг илчилсэн Христийн цорын ганц шавь болох дүрд гардаг. Гэсэн хэдий ч Христийн шашны сүм баримт бичгийг жинхэнэ гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Сайн мэдээний жагсаалтад ороогүй болно.
2. Марк Юний Брут
Мрак Юний Брут Цепион бол МЭӨ I зуунд аж төрж байсан Ромын сенатч юм. Ромын баян, олноо хүндлэгдсэн гэр бүлээс гаралтай, уламжлалын дагуу сенатын бүрэлдэхүүнд ордог өрхийн гишүүн байсан юм. Гэсэн хэдий ч түүний эртний уг гарвалын талаар Ромын зарим иргэд тухайн үедээ эргэлздэг байлаа.
Брут анхандаа Помпейн талд байсан боловч Цезарыг Фарсалын дэргэдэх тулаанд ялалт байгуулсны дараа Ромын цэргийн даргаа болгожээ. Цезарь Брутыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, түүний харьяа мужуудын нэг болох Цисалпин Гаулыг түүний удирдлаганд шилжүүлжээ. Брут Цезарьт ойртоход түүний эх Сервилия олон жил Цезарийн нууц амраг байсан нь ч нөлөөлсөн. Энэ хооронд Цезарь ерөнхий командлагчаас аажмаар эзэн хаан болон Ромын цорын ганц удирдагч болж хувирав. Дараа нь эрэлхийлэгч Гай Кассиус Лонгин амлалт, заналхийллийн хамт Брутыг өөрийн талд авчирсан гэдэг.
Лонгин Брутад өөрийнх нь гарал үүслийн талаар нэг бус удаа сануулж байсан гэдэг гэрч бий. Ингэхдээ Марк Юний Брутыг Ромын сүүлчийн эзэн хаан Бардам Тарквинийг буулган авсан Луций Юний Брутын удам байсан гэдэг байжээ. Тэгэхээр түүний өвөг дээдэс ч яг ийм алхам хийж, Эзэнт гүрнийг дарангуйлагчаас чөлөөлсөн болохоор үр удам нь ч ийм зүйл хийх ёстой гэж байв. Ингээд л Брут Юлий Цезарийн эсрэг хуйвалдааныг толгойлж, хэд хэдэн сенатч үүнд нь нэгдсэн бөгөөд үүний үр дүнд Цезарь шууд л Сенатын байранд хутгалуулжээ.
Гэсэн хэдий ч хүмүүс хуйвалдагчдыг дагаагүй тул хуйвалдаан бүрэн амжилтад хүрсэнгүй. Үүний үр дүнд Цезарийн ач хүү Октавиан хүчээ авч, Брут, Лонгин нар зугтах шаардлагатай болжээ. Хожим нь Брут том арми толгойлон Ромд буцаж очсон боловч Октавиан, Энтони нарын нийлсэн хүчинд ялагдав. Ялагдлаа мэдэрсэн Брут олзлогдож байснаас амиа хорлож, үхэхийг илүүд үзжээ.
3. Кристофер Жон Бойс
Кристофер Жон Бойс бол ЗХУ-д “Бүргэд” нэрээр ажиллаж, АНУ-ын сансрын нууц мэдээллийг дамжуулж байсан америк юм. 1977 онд тэрээр илчлэгдэж, баривчлагдаж, 40 жилийн хорих ял авсан байна. Гурван жилийн дараа Бойс шоронгоос оргож, нэгэн бүлэг үүсгэн банк дээрэмддэг болжээ. Кристофер ЗХУ руу зугтах гэж байсан боловч дахин баривчлагдаж, ялын хугацаагаа бүрэн эдлэхээр болсон юм.
4. Малинче буюу донья Марина
Малинче бол Мексикийг булаан эзлэгч, Эрнандо Кортес хэмээх испани эрд боол болон зарагдсан ацтекуудын удирдагчийн охин юм. Царайлаг, боловсролтой, олон хэл мэддэг энэ эмэгтэй Кортесын орчуулагч, амраг, үнэнч дагагч нь болжээ. Тэрээр Кортесыг хаана ч явсан дагаж, ацтек түмнээ энэ испани эрийг шүтэж явахыг уриалдаг байлаа. Өдгөө “малинчизм” гэдэг нэр томъёо байдаг бөгөөд соёл уламжлал, ард түмнээсээ урвахыг хэлдэг юм байна.
5. Мордехай Вануну
Израилийн цөмийн салбарын эрдэмтэн тэрбээр 1986 онд британичуудад Израилийн цөмийн хөтөлбөрийн талаарх өөрийн мэддэг бүх мэдээллийг дамжуулжээ. Тэрээр эх орноосоо урвасан хэргээр 18 жилийн ял авсан юм.
6. Ванг Жингвэй
Энэ урвагч дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Хятад даяар алдартай. Энгийн, хэвийн хүмүүст гэнэт л урвагчид болдог тодхон жишээ гэвэл түүнийг хэлнэ. Ванг Жингвэй 1883 онд төрсөн бөгөөд 21 насандаа Японы их сургуульд элсэн оржээ. Тэндээ Хятадын алдарт хувьсгалч Сун-Ят Сентэй танилцсан аж. Сун-Ят Сен ч залуу эрд маш хүчтэй нөлөөлж, түүнийг хувьсгалын жинхэнэ фанат болгож чаджээ.
Жингвэй Сентэй хамтдаа засгийн эсрэг хувьсгалт үйл хэрэгт байнга оролцож, удалгүй шоронд орсон байна. Ванг шоронд хэдэн жил сууж, 1911 онд суллагджээ. Энэ бүх хугацаанд Сен түүнтэй холбоотой байж, сэтгэл санаагаар дэмжин, халамжилж анхаардаг байсан гэнэ. Ингээд хувьсгалт тэмцэлд Сен болон түүний талынхан ялалт байгуулж, 1920 онд засгийн эрхэнд гарав. Гэвч 1925 онд Сун-Ят Сен нас барж, Хятадын төрийг Жингвэй толгойлохоор болжээ.
Удалгүй Хятад руу япончууд дайран довтлов. Энэ үеэс л Жинвэй жинхэнэ урвалт гэгчийг үзүүлж эхэлжээ. Тэрээр мөн чанартаа Хятадын тусгаар тогтнолын төлөө тэмцэлгүй, булаан эзлэгчдэд найр тавьж байлаа. Үндэсний ашиг сонирхлоо Японы эрх ашигт нийцүүлж, эцэст нь Хятадад хямрал гарч, улс оронд туршлагатай удирдлага хэрэг болохоор Жингвэй шууд л зугтжээ.
Ванг илт булаан эзлэгчидтэй нэгдэж эхэлжээ. Гэвч тэр ялагдлыг мэдэрч чадалгүй, Японы түрэмгийлэл унахаас өмнөхөн нас барсан юм. Хэдий тийм боловч Ванг Жингвэйгийн нэр Хятадын бүх сурах бичигт улс орноосоо урвагч гэдэг нэрээр үлджээ.
7. Гетман Иван Мазепа
Гетман Иван Мазепа бол анафеме сүмийн бишрэгч юм. Тэрээр Запорожскийн казак дайчдын гетман буюу дарга, I Петр хааны хамгийн үнэнч дагагч байжээ. Удалгүй Оросын эзэнт гүрний эсрэг Шведийн хаан босож, Мазепад Петр хаанаас урваж, шведүүдийн талд орвол Украиныг тусгаар тогтнуулж өгнө гэж амлажээ.
Өнөөх нь ч дайчдын хамт хэлснээр нь хийсэн боловч жилийн дараа түүний дайчид ч, шведүүд ч Полтава мөрний дэргэд бут ниргүүлсэн юм. Мазепа Бендер рүү зугтаж чадсан боловч удалгүй өөд болжээ.
Өдгөө Укрины шинэ засаг захиргаа гетман Мазепаг үндэсний баатар, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэж нэрлэдэг. Гэхдээ тэрээр шведүүдтэй нийлсэн хөдөлгөөнийхөө үеэр Украины газар нутгийн төлөө хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийг хөнөөж, бүхэл бүтэн тосгодыг шатаахыг зарлигдаж байсан харгис нэгэн гэж оросууд үздэг.
8. Олдрич Эймс
Олдрич Эймс бол орос бүсгүйтэй гэрлэж, түүнийхээ төлөө эх орноосоо урвасан Тагнуулын төв газрын офицер юм. Гэтэл түүний эхнэр нь Улсын аюулгүйн хорооны офицер байж таарч, түүгээр дамжуулан, түүний төлөө Олдрич ЗХУ-д өөрт байсан бүх мэдээллээ худалджээ.
9. Видкун Квислинг
Видкун Квислинг бол 1931-1933 онд Норвегийн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, “Үндэсний зөвшилцөл” намын тэргүүн байсан хүн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэд тус улсад фашистууд орж ирэхэд Квислинг иргэддээ булаан эзлэгчдэд захирагдах үүрэг өгч байжээ. Тэрээр Норвегиос еврейчүүдийг гаргаж, Аушвиц руу илгээж байв. Дайны дараа Видкун Квислингийг урвагч хэмээн буудан хороосон юм.
Эх сурвалж: morefactov.ru
Орчуулсан Э.МАРТ