УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Тэрбээр “ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна” гэжээ.
Мөн өөрийн цахим хуудсандаа “Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байх. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь Уучлаарай” хэмээн бичсэн байна.