Манай улс нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээлийг түр хаасан билээ. Энэ хугацаанд дэлхийн бусад улс орны жишгийг дагаж Ерөнхий боловсролын сургууль теле болон цахим хичээл, их дээд сургууль онлайн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй гэдгийг БСШУСЯ-наас мэдэгдсэн. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 820 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 590 сургуульд арванхоёрдугаар ангийн 1146 бүлэгт 28567 хүүхэд суралцаж байна.
Нийт суралцагчдын 41.7 хувь буюу 11.908 нь нийслэлд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 53 хувь нь нийслэл болон аймгийн төвд, 42 хувь нь сумын төв, таван хувь нь багийн төвд байршиж байгаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас хойш хөл хорио дахин сунгагдвал төгсөх ангийн хүүхдүүдийг тусгайлан хичээллүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа аж.
Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн Теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээл, лайв хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт байршуулна. Мөн суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (номDVD)-ыг бэлтгэн хүргэнэ.
ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад бүртгэлийн явц тааруу байгаа аж. Энэ нь танхимд сургалт явагдахгүй байгаатай холбоотой байх хэмээн албаныхан хэлсэн. Сурагчдын хувьд ЭЕШ хойшилсон юм чинь бүртгэл хойшилж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа байх. Бүртгэл хойшлохгүй учраас бүртгүүлж амжаагүй сурагчид бүртгэлээ хийлгэх хэрэгтэйг холбогдох албаныхан анхаарууллаа.