УОК-ын Шуурхай штабын мэдээлэлд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцож байна. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын даргад яг одоо Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.
Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа” гэв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,154 иргэн нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-аар дамжуулан илэрхийлээд байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 375,585 оюутан, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3,954 иргэн мэдэгдсэн.
Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Нийтдээ есөн бага насны хүүхэд ирж байна.
Японы Шизүока мужид параолимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй. Дараагийн нислэгээр ирэх боломжтой.
Өнөөдрийн нислэгээр ирсэн 263 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад 37.5 хэм халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тиймээс манай иргэд шинжилгээ өгөлгүй ирж байна” гэдгийг хэллээ.