УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.04.03/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан нам коронавирусийн гамшгаас урьдчилан сэргийлэх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тогтоолын төслийн талаар гуравдугаар сарын 30-нд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгч, МХАҮТ, ард иргэдийн саналыг авч тусгаад байна.
Мэдээллийн үеэр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Короновирусын гамшигтай тэмцэх төрийн бодлогын хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, үүнээс үүдэж гарах эдийн засгийн эрсдлээс хамгаалах бодлогоо гарган, хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний дагуу хийгдэх эрх зүйн орчны өөрчлөлтийн хуулийн жагсаалтыг гаргая гэсэн нийт дөрвөн зүйлийг хөндсөн.
Энэ бодлогын бичиг баримтаа бэлэн болгож, Ардчилсан намын зөвлөлийн бүх гишүүд УИХ-д тогтоолын төслийг өргөн барих гэж цаг тогтсон боловч, УИХ-ын тамгын газар, УИХ-ын дарга энэ тогтоолын төслийг хүлээс авахаас татгалзсан. Үүний улмаас бид сэтгүүлчдэд зарласан байсан Хэвлэлийн бага хурлаа хүртэл цуцлахад хүрсэн билээ. Харин манай тогтоолын төслийг хүлээж аваагүй татгалзсаныхаа дараа коронавирусийн эсрэг ажиллах Засгийн газрын ажлын төлөвлөгөөг их хурал хүлээн авсан байна.
Тиймээс өнөөдөр бид олон нийтэд мэдээлсний дараа дахин өргөн барих хүсэлтийг УИХ даргад тавих болно. Хэрэв энэ хүсэлтийг хүлээн авахгүй бол яг энэ бодолгын шинжтэй, хэрэгжилтийн төлөвлөгөөнд заагдсан зүйл заалтуудыг УИХ-д, Байнгын хороонд хөндлөнгийн санал болгож оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид, иргэд, аж ахуйн нэгжийг энэ саналыг дэмжиж ажиллахыг уриалж байна” гэлээ.