БНСУ
Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.
11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товлосон байна.
Япон
2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын 2229 тохиолдол бүртгэгдсэн байна.
Токио хотод коронавируст халдвар (COVID-19) авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын Боловсролын зөвлөлөөс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Шинзо Абэ бүх бага, дунд, ахлах болон тусгай хэрэгцээт сургуулиудыг 03 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаахыг уриалсан. Үүний дагуу Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 47 мужийн Боловсролын зөвлөлүүдэд сургуулиудыг 03 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаврын амралтын төгсгөл (ихэвчлэн 4-р сарын эхээр дуусдаг) хүртэл хаах эсэх, хэр удаан хугацаагаар хаах талаар шийдвэр гаргах эрхийг олгосон байна.