Улсын онцгой комиссоос иргэдийн ирүүлсэн хүсэлтийг харгалзаж үзэн БНСУ, Япон улсаас дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирэхээр болсон. Тус арга хэмжээтэй холбогдуулан Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр Шуурхай штабын үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.
Энэ үеэр тусгаарлах байрны хүрэлцээ, хоол хүнсний хангамж болон тусгай нислэгээр иргэдээ авч ирэхэд мэргэжлийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий шуурхай штаб нь тусгай үүргийн нислэгээр ирсэн болон бусад боомтуудаар гадаад орноос орж ирсэн иргэдийг тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан, тусгаарлах байрны үйл ажиллагаанд нь хяналт тавин, удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.