Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсанд тэрээр гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн.
Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан.
Уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авч Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Энэ захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар