Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий дахиныг цочроосон бөгөөд дөнгөж саяхнаас л бид сэхээ авч энэхүү цар тахлын хол ойрын үр дагаврын талаар эргэцүүлж эхэлж байна. Энэ өвчин олон хүний амь амьдралыг сүйтгэж, зах зээлийн ажил үйлсэд үймээн сандрал учруулж, Засгийн газруудын чадамжийг илтгэн харуулсан (эсвэл чадамжгүйг) гэдгийг юутай ч одоогоор хэлж болмоор санагдана. Хэдийгээр тодорхой хэсэг хугацааны дараа ойлгомжтой болох хэдий ч дээр дурдсан бүхэн улс төр, эдийн засгийн эрх мэдлийн тасралтгүй үргэлжлэх өөрчлөлтөд хүргэнэ.
Хямралын нөхцөлд бидний хөл доорхи газар дэлхий яагаад, яаж хөдлөх болсны учрыг олохоор “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.
Стивен Уолт: Дэлхий ертөнцийн нээлттэй, цэцэглэн хөгжсөн, эрх чөлөөтэй төлөв байдал багасна
/Харвардын их сургуулийн олон улсын харилцааны профессор/
-Цар тахал төрийн эрх мэдлийг хүчтэй болгож, үндэсний үзлийг бэхжүүлнэ. Бүх хэв шинжийн улс орнууд хямралыг гэтлэн давахын тулд онцгой арга хэмжээ авах бөгөөд олонх нь цар тахал дууссаны дараа бүрэн эрхээсээ татгалзахыг хүсэхгүй.
Эрх мэдэл, нөлөөлөл өрнөөс дорно зүгт шилжих үйл явцыг COVID-19 мөн түргэтгэнэ. Дэгдэлтийн эсрэг хамгийн сайн хариу үйлдлийг Өмнөд Солонгос, Сингапур үзүүлж чадсан бол Хятад улс дэгдэлтийн бүр эхэнд хэд хэдэн алдаа гаргасны дараа хариу үйлдэл хийж эхэлсэн. Тэдгээртэй харьцуулахад Европ, Америк тив хариу үйлдлийг бодож тунгаалгүйгээр алгуурлаж хийсний улмаас магтаалд автсан барууны “брэнд”-ээ улам бүр харлуулсан.
Язгуур үндэс нь угаасаа зөрчилтэй дэлхийн улс төрийн шинж төлөв л харин огт өөрчлөгдөхгүй. Урьд өмнөх халдвар тархалтууд их гүрнүүд хоорондын өрсөлдөөнийг таслан зогсоогоогүй, мөн глобал хамтын ажиллагааны шинэ эрин үеийн эхлэлийг ч тавиагүй. COVID-19-ийн дараа ч мөн адил байх болно. Үндэсний Засгийн газар л өөрсдийг нь хамгаална, ирээдүйд тохиолдох эмзэг байдлыг төр засаг, компаниуд арилгана гэдэгт иргэд итгэж байгаа учраас бид гиперглобалчлаас цаашдаа үргэлжлүүлэн холдож дайжих үйл явцын гэрч болно.
Товчоор хэлбэл, нээлттэй, цэцэглэн хөгжсөн, эрх чөлөөтэй төлөв байдал нь багассан дэлхий ертөнцийг COVID-19 бий болгоно. Бүх зүйл өөр байж болох байсан хэдий ч үхэл дагуулсан вирус, сул төлөвлөлт, чадамжгүй удирдлага хосолсноор хүн төрөлхтнийг улам илүү айдас түгшүүртэй шинэ зам дээр гаргаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ