Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийг дэмжих чиглэлийн шийдвэрүүд гаргасныг мэдээлсэн. Засгийн газраас гаргах шийдвэрүүдийн хүрээнд 5.1 их наяд төгрөгийн зардал гарахаар байгааг Ерөнхий сайд хэллээ.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Бид энэ хямралтай үед эдийн засгийн бодлого дээр урьд өмнөх шиг алдаа гаргах эрх байхгүй. Тэгэхээр долоо хэмжиж, нэг огтол гэдэг шиг нөхцөл байдлыг шинжиж, дүгнэж байж эдгээр арга хэмжээг авч байна” гэлээ.
Мөн тэрбээр улсын төсвийг тодотгохгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан бол Ерөнхий сайд ч өнөөдөр төсвийг тодотгохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Эдийн засагт хүндрэл үүссэн үед бүтээн байгуулалтын ажлуудаа танах нь эдийн засгаа улам хумихад хүргэнэ гэж мэдэгдлээ.
Сангийн сайд хэлэхдээ “Бонд гаргах эсэх талаар судалж байгаа. Тахлын үеийн бондыг 2017 онд гаргаж байсан. Бид үүнийг судалж байгаа. Ойрын 2-3 хоногт би Дэлхийн банк, ОУВС-гийн хүмүүстэй утсаар ярьж хэлэлцэнэ.
Монгол Улсад 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт гаднаас орж ирэх тооцоололтой байгаа. 729 сая ам.долларын санхүүжилтийг бид баталгаажуулсан. Үлдсэн 580-аад сая ам.долларын санхүүжилтийг батлахын тулд яриа хэлцлүүдийг эрчимтэй хийж байгаа.
2.9 тэрбум ам.доллартай тэнцэх, дөрвөн төрлийн бондын төлбөрийг Монгол Улс ирэх жилд төлөх ёстой. Монгол Улсын гадаад зах зээлд гаргасан үнэт цааснууд 15-20 хувиар унаж байгааг та бүхэн харж байгаа байх. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ингэж байна.
Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын өрийг цаг хугацаанд нь төлнө гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Банкны салбарт реформыг эхлүүлэх ёстой. Алдаа дутагдалтай зүйлийг хамгаалж явах нь огт байж боломжгүй зүйл. Зөв үйлдэлтэй байгууллагуудыг Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.
1 comment
Oriig oroor gedeg zarchim l daa