Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7647 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 197 нэгж буюу 2.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна.
Захиргааны зөрчил гаргасан 7240 иргэн, 32 аж ахуйн нэгжид 54.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Давхардсан тоогоор эргүүлийн 3081 чиглэлд 6162 алба хаагч ажилласан ба эргүүлийн хүн хүчийг нэмэгдүүлж ажилласнаар 2017 оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3743 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 140, зөрчлийн шинжтэй 1389 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1529 ослыг материалжуулан шалгаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 42 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүллээ. Энхтайваны өргөн чөлөөн дэх 48 хяналтын камераар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 16311 зөрчил илрүүлж 391.464.000 төгрөгийн торгууль оногдуулан “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын Гамгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм халах төлөвтэй байна.
Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богинын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 97, нийслэлийн Байгаль орчны газраас 10, нутгийн 15 иргэн, нийт 122 хүн, 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр 2.5 га талбайд гарсан түймрийг 3 өдөр ажиллаж унтраасан.
Мөн Тэрэлжийн Өвөр горхи Онгоцтын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 13 албан хаагч, Мярааж, Гоож аялал жуулчны баазын 71 иргэн, 11 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлагыг эзэмшүүлэх Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 11-12-ны өдөр 4 үе шаттайгаар 100 аж ахуйн нэгж байгууллага, 7 алба, 27 мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 1358 ажилчин албан хаагчийг хамруулж амжилттай зохион байгуулсан” гэж танилцуулав.
“Өнгөрсөн хугацаанд эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулсан. Ханиад харшлын “Астма” эмнэлэг нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчийн гар дээрээс олгож байсан, “Гэрэл” , “Орбита” нүдний эмнэлгүүд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зэрэг зөрчил илрүүлсэн. Мөн Царам тэнгэр эм ханган нийлүүлэх байгууллагаас хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл болон 17 нэрийн 309 ширхэг 10.4 сая төгрөгийн үнэ бүхий бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлж хураасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдаж энэ оны төсөвт тодотгол хийсэн. Мөн 5 сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг баталсан. Бид урин дулаан цаг гэлтгүй агаарын бохирдлын эсрэг ажиллах ёстой.
Ялангуяа агаарын чанар, сургуулийн цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газар чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн Налайхын болон Нисэхийн хурдны замын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, Сонсголонгийн гүүрний ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг даалгаврын холбогдох албан тушаалтнуудад өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.