ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр коронавирусийн тархалттай холбогдуулан ард түмэндээ хандан үг хэлжээ. Улмаар ирэх долоо хоногийг улс даяар ажлын бус өдрөөр зарлаж байна. Энэ өдрүүдэд зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, банк, нийтийн тээвэр, төрийн алба ажиллана.
Дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулах Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалтыг хойшлуулж байна.
Ирэх зургаан сарын хугацаанд иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандана. Ялангуяа орон сууцны зээлтэй ч хямралын хугацаанд орлого тасарч хүнд байдал орсноо бичгээр нотолсон тохиолдолд зээлийг түр царцаана. Ажилгүйдлийн тэтгэмж одоогоор тус улсад 8000 рубль байгааг 12 мянга болгон нэмэгдүүлж байна.
Хүүхэдтэй гэр бүлийг дэмжих үүднээс дараагийн гурван сард, жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн гурван нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 5000 рублийн тэтгэмж олгоно. Харин гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй өрхөд олгох тэтгэмжийг долоодугаар сараас олгохоор зохицуулжээ.
Мөн түүнчлэн Ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчид болон тэдний гэр бүлд тавдугаар сараас өмнө 50-75 мянган рубль олгоно.
Онцгой нөхцөл байдлын үед ард иргэдийг эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын заавар зөвөлгөөг ягштал дагаж, эрүүл мэнддээ анхааран аль болох гэрээсээ гарахгүй байхыг тэрээр уриаллаа.