COVID-19 цар тахлын дэгдэлт нь бүх салбарт, тэр дундаа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт ихээр нөлөөлж байна. Сургуулиуд түр хугацаагаар хаагдсантай холбогдуулан улс орнууд цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар сурагчдын боловсролыг алдагдуулахгүйн төлөө ажиллаж эхлээд байна. Энэхүү цар тахлын тархалт нь хэвлэл мэдээллийн салбарт дараах үр нөлөөг үзүүлж байна.
Үүнд:
– Цахим хэвлэл мэдээллийн хэрэглээний нэмэгдэлт
Хөл хорио тогтоосноос хойш аппликейшнуудын долоо хоногийн дундаж таталт нь 2019 оны нийт дундажтай харьцуулахад 40%-иар өссөн байна. Түүнчлэн, хөл хорио тогтоосноос үүдэн цахим худалдан авалт, телевизор үзэх хугацаа 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнес эрхлэгчдэд сайнаар нөлөөлж байна.
– Хуурамч мэдээлэл
Аливаа халдварт өвчний дэгдэлт гарахад буруу ташаа мэдээлэл вирусээс ч илүү хурдан тархаж, аюул, эрсдэл дагуулдаг. Шинэ коронавирус дэлхий даяар тархах тусам тахлын талаарх буруу мэдээллийн онлайн тэмцэл улам бүр нэмэгдэж байна. Google, Linked in, Microsoft, Reddit, Twitter зэрэг олон нийтийн сүлжээний компаниуд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Facebook-ийн уулзалтад оролцож, COVID-19 тахлын талаарх найдвартай, бодит мэдээллийг сурталчлах, баримтыг шалгах зэрэг тактикийн талаар хэлэлцсээр байна. Google нь COVID-19-тэй холбоотой Андройд апп-уудыг хориглож, Фэйсбүүк нь төөрөгдүүлсэн зар сурталчилгааг устгаж, Twitter ухуулгын талаар жиргэж буй профайлуудыг хаасаар байна.
– Цахим гадуурхалт
COVID-19-ийн дэгдэлт дэлхий даяар олон улс оронд гадаадын иргэдийг, нэн ялангуяа Хятад болон Ази хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бий болгоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид COVID-19 талаар мэдээлэхдээ ёс зүйн дээд хэм хэмжээг, тэр дундаа тэгш байдлын зарчмыг баримтлах ёстой. Тэд COVID-19-ийн талаар үнэн зөв мэдээлэх хэрэгтэйгээс гадна хэвшмэл ойлголт, арьс өнгө, үндэс угсаа, гарал үүслийн талаар мэдээлэхээс зайлсхийх ёстой. Вирусын дэгдэлтийн үед, тахлын тухай телевизийн зохиомол нэвтрүүлэг цацаж олон нийтийг төөрөгдүүлж, шаардлагагүй айдас, үймээнийг бий болгох, ингэснээр гадны иргэдийг гадуурхах явдлаас зайлсхийх шаардлагатай.
Эх сурвалж: www.weforum.org, www.michiganradio.org