Манай улсад нэг гаж үзэгдэл гараад удаж байна, бүр нийгмийн өвчин болчихжээ. Мэддэг чаддаг зүйлээ ярьдаг хүн цөөрч, мэддэггүй зүйлээ мэддэг мэт ярьж, мэдэмхийрэх хүмүүс маш их болжээ. Мэдээллийг огт шүүдэггүй, шууд л цааш нь дэвэргэдэг гэсэн үг. Бүр доторх агуулгыг нь уншилгүй гарчгаар нь дүгнэдэг нь ч олон болчихжээ. Ёстой л хуурамч мэдлэгт шинжлэх ухаан хүчирхийлүүлж, мухар сүсэг, үл мэдэхүй соён гэгээрлийг орлож, ёс зүйг дүр эсгэлтээр сольсон популистууд нийгмийг хуваах замаар төрийг хүчгүйдүүлдэг цөвүүн цаг үе ирчихжээ. Дараах хэсэгт надад тохиолдож байгаа олон жишээнээс нэгийг нь сонирхуулья.
Би нэг автын инженер ахыг сайн танина. Үе үе уулзаж авто машин үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа дэвшлүүдийг яриулдаг. Инженер ах авто машин үйлдвэрлэлийн салбараа бол үнэхээр сайн мэддэг, их ч сонирхолтой ярьж чаддаг. Мэргэжлийн сургуулийг нь төгсөөд 35 жил зөвхөн энэ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа болохоор үнэхээр сайн мэддэг. Авто машины үйлдвэрлэлийн талаарх инженер ахын мэдлэг бол үнэхээр төгс.
Гэтэл сүүлийн үед инженер ах маань эдийн засагч, олон улсын эдийн засгийн харилцаа судлаач хүн шиг энэ салбараар маш их пост сошилдоо оруулдаг болчихлоо. Харамсалтай нь бүгд худал, ямар ч онолын үндэслэлгүй, эх сурвалжгүй, хэт нэг талыг барьсан зүйл хөвөрдөг боллоо. Нөгөөхийг нь уншаад итгээд цааш нь түгээж байгаа хүний тоо бүр их. Мэдээж хүн өөрийн бодлоо, хүссэн зүйлээ постлох нь тэр хүний эрх. Гэвч үнэн зөв зүйл, хүнд мэдлэг өгөх зүйл постлох нь бас тэр хүний хариуцлага шүү дээ.
Би асуулаа, та эдийн засгийн ямар нэг хичээл, лекц, курст суусан уу гэж. Суугаагүй, суух шаардлагагүй, би энэ талын мэдлэгийг сошилоос, монгол комент гэх мэт нэвтрүүлгүүдээс хангалттай авсан гэж хариулж байна. Таны энэ буруу мэдээлэл байна, учир шалтгаан нь тийм юм гээд баахан ярилцлаа. Ах шууд миний 20 жил сурсан, ажилласан, судалсан зүйлийг шууд үгүйсгэж байна. Бүр сүүлдээ би Америк, Барууныханд тархиа угаалгасан хүн болж таарлаа. Ах инженерийн хэлснээр дэлхий даяар үзэж судалж байгаа эдийн засгийн сурах бичгүүд бас л буруу зүйл, хэн нэгний бэлтгэсэн асуудал болж хувирлаа. Нэг иймэрхүү үр дүнтэйгээр бидний хэд хэдэн удаагийн уулзалт бүтэлгүй болж өнгөрлөө.
Одоо сэрцгээе, больцгооё! Мэддэг судалсан, ажиллаж байгаа салбарынхаа мэдээллийг бусдад мэдлэг болгож тарааж сурцгаая. Мэддэггүй зүйлсээ тарааж популист улс төрчдөд ашиглуулах өгөөш болдгоо зогсооё. Мэдээллийн үнэн зөвийг таньж мэддэг, түүнд дүн шинжилгээ хийдэг арга зүйд суралцацгаая. Мунхаглал биш мэдлэг рүү тэмүүлцгээе. Мэдлэгийг Монгол улсын хөгжлийн дархлаа болгох ажилд нэгдэж ажиллацгаая.