Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.25/
ЭМЯ: Коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол сүүлийн үед халдварын тохиолдол залуужиж байна. ДЭМБ-ын мэдээллэж буйгаар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг мэдээлэв.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2083 иргэн тусгаарлалтад байна. Халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байна. Өнөөдөр дөрвөн эмч тусгаарлалтаас гарсан.
Дэлхийн дунджаар хөнгөн өвчтөн 14, хүнд ба хүндэвтэр өвчтөн 4 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс 24 хүнд санамсаргүй түүврийн аргаар Ковид-19 халдварын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 186 хүн ХӨСҮТ-д хяналтад байна. Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна. Халдвар авсан 10 өвчтөний биеийн байдал тогтвортой байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: АНУ-д нэг өдөрт 14 мянга гаруй хүн Ковид19-өөр халдварлалаа. Тус улсад Азийн орнуудтай харьцуулахад 18-34 насны залуучууд халдвар авч байна. Түүнчлэн 18-аас доош насны гурван хүүхэд эндсэн тохиолдол гарсан бөгөөд нэг гэр бүлийнхэн нас барлаа.
Энэ мэтээр халдварын шинж тэмдгүүд өөрчлөгдсөөр байна. Тиймээс манай иргэд анхаарлаа сулруулж болохгүй, эрүүл мэндийн байгууллагын мэдээг дагаж мөрдөж хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг уриалмаар байна.