Европын хамгийн чимээгүй дарангуйлагч
-Тэрээр ордонд амьдрахаас татгалзаж, өөрийгөө энгийн профессор гэдэг байсан ч жинхэнэ утгаараа дарангуйлагч байсан юм-
Лента.ру сайтад цуврал болгон гаргадаг улс орнуудын удирдагчдын тансаглалын талаарх нийтлэлээс орчуулан хүргэж байна. Энэ удаа тухайн үеийнхээ хамгийн чимээгүй дарангуйлагч болох португал эр Антониу Салазарегийн тухай нийтлэлийг сонголоо. Энэ удирдагчид зориулан сониныг нэг л хувиар хэвлэж, түүнээс улс оронд нь болж байгаа муу муухай мэдээлэл болгоныг нуудаг байсан гэхээр үнэмшмээргүй байгаа биз.
Цагаан захтан дарангуйлагч
“Ихэнх европчууд Португалд дарангуйлал байсан гэж сэжиглэхээргүйгээр тэр тийм л чимээгүй дарангуйлагч байлаа” хэмээн Антониу Салазарегийн талаар хошигноцгоодог. Тэрээр цэргийн хүн, олон нийтийн хөдөлгөөний удирдагч, хувьсгалчийн аль нь ч байгаагүй юм.
Гэхдээ энэ бүгд удирдагчийг нууц цагдаатай байж, дэглэмийг эсэргүүцэгчдийг мөрдөж мөшгүүлэх, авторитаризм тогтоох, хязгааргүй эрхтэй болоход огтхон ч саад болоогүй гэдэг. Ерөнхийдөө Португал нь орчин цагийн дарангуйлалтай бусад улсаас ялгаатай нь цаазын ял, үй олноор нь хэлмэгдүүлэх үзэгдэл байгаагүй юм. Салазарыг төр барих хугацаанд 15 мянга орчим хүн саатуулагдсан гэсэн мэдээлэл байдаг.
Сайд нарын зөвлөлийн дарга, Коимбрийн их сургуулийн профессор энэ боловсролтой, ихийг уншсан, сэтгэл татам, тооцоотой хүн тун амархан олны итгэлийг хүлээсэн. Салазарын ойр тойрныхон түүний дур булаам чанарын нууц нь сайхан инээмсэглэл, гайхалтай үс засал, тун зохицсон гурван хослолтой нь холбоотой гэдэг байв. Энэ хувцаснаас нь болоод түүнийг цагаан захтан дарангуйлагч ч гэж хочилдог байжээ.
Номлогч болохыг хүссэн нь
Антониу Салазар Португалын хойд хэсэгт нэгэн жижигхэн газар эзэмшигчийн гэрт төржээ. Эцэг эх нь маш их сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул тэрээр бага залуудаа номлогч болохыг хүртэл мөрөөддөг байв. Гэвч тэрээр сайтар бодож үзээд тус улсын хамгийн хуучны их сургуулийн хуулийн факультетэд бичиг баримтаа өгөөд, онц дүнтэй төгссөн байна. Хэдэн жилийн дараа Салазар эндээ багшлах болжээ. Тэр сайн лектор болж чадаагүй юм. Учир нь олон оюутан түүнийг хэтэрхий уйтгартайгаар хичээлээ заадаг гэдэг байжээ.
Антониугийн эргэн тойрны хүмүүс түүнийг биеэ хэтэрхий хачирхалтай авч явдаг гэж шивэр авир хийдэг байв. Үнэхээр ч тэр дотогшоогоо талын хүн байсан бөгөөд хэт дуугүй, хаалттай, даруухан, тамхи татдаггүй, архи уудаггүй, бүжиг дуунд сонирхолгүй, эмэгтэйчүүдтэй харилцаа үүсгэхээс зайлсхийдэг байлаа. Гэхдээ бүсгүйчүүдийн гоо сайхныг биширдэг байсан гэдэг.
Салазарыг бүтэлгүй дурлалтайгаа учирсан гунигт түүхтэй ч гэж ярьцгаадаг. Их сургуулийн залуухан багш байхдаа тэрээр эдлэнгийн эзний охинд хичээл заадаг байсан гэнэ. Тэд хоорондоо хайр сэтгэлтэй болж, гэрлэх тухай ч ярилцаж эхэлжээ. Гэтэл охины ээж багш, сурагч хоёрын харилцааг мэдчихээд Салазарыг гэрээсээ хөөсөн байна.
Мөн түүнийг Мария нэртэй гэрийн үйлчлэгчтэйгээ дотно харилцаатай гэсэн дам яриа ч гарсан байдаг. Гэвч энэ нь хоёр найз, эсвэл ээж хүү хоёрын харилцаатай илүү төстэй байсан юм. Бүсгүй энэ харилцааг цаашид улам гүнзгийрнэ гэдэг найдлагаа огт алдаагүй гэдэг.
Салазар төрийн эрхэнд гараад улам л дотогшоо хаалттай болж, тэр бүр олны өмнө гарч ирэхээ больсон юм. Тус улсын иргэд түүнийг дэмжсэн жагсаалыг ажлынх нь өрөөний цонхны дор явуулбал шууд л хөшгөө хаана даа гэж хошигноцгоож байсан гэдэг.
1926 онд Португалд цэргийн эргэлт гарсан юм. Засгийн эрхэнд гарч ирсэн босогч генералууд ёроолдоо хүрчихсэн эдийн засагт хэрхэн тус болохоо огт мэдэхгүй байв. Учир нь тэд энэ талын мэдлэггүй байсан. Салазар тухайн үедээ хүмүүнлэгийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгд тооцогдож байлаа. Тиймээс ч арми хамгийн түрүүнд түүн рүү хандсан явдалд гайхах зүйл үгүй юм.
Үр дүнд нь генерал Антониу ди Кармон, Салазар нар энэ улсыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувиар 20 орчим жил удирджээ.
Салазар маш хурдан хугацаанд авлигыг газар дээрх нь хазаарлаж, инфляцийг ялж, төсвийг хэвийн байдалд нь оруулсан байна. Үүнээс хойш аажим аажмаар профессорын гарт засаглалын эрх бүрэн төвлөрчээ. Салазар нь өнгөцхөн харахад Засгийн газрын тэргүүн л байсан боловч хэрэг дээрээ түүний талын цэргүүд Ерөнхийлөгч болж байлаа. Дарангуйлагчийн засаглалд тэдгээр Ерөнхийлөгч нь түүнийг буулгалгүй, дахин бүрэн эрхийг нь л улам нэмж байв. Тэдний үүрэг нь зөвхөн албан ёсны арга хэмжээнд үг хэлэх болсон тул тэднийг “тууз хайчлагчид” ч гэж хүмүүс дуудаж байлаа.
Испанид иргэний дайн дэгдэх үеэр Салазар Франког дэмжиж, түүнд сайн дурын хэдэн мянган цэрэг илгээж, түүнчлэн босогчдод зориулсан ачаатай Герман, Италийн хөлөг онгоцнуудад зориулан Португалын боомтуудаа нээж өгчээ. Үүнийх нь төлөө тэрээр Адольф Гитлерээс “Юнкерс” нэртэй цоо шинэ онгоцнууд бэлгэнд авсан гэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Португалын удирдагч биеэ аль болох хичээн авч явж эхэлжээ. Хэдийгээр түүний дэглэм нь фашизмтай ойрх байсан боловч улс нь Английн уламжлалт холбоотон хэвээр байв. Тухайн үед Салазар морины нүүдэл хийж, Лиссабон нь Лондоны холбоотон хэвээр үлдэнэ, гэхдээ дайнд төвийг сахина гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь тус улсад энх тайван байдлыг үлдээгээд зогсохгүй багагүй орлого оруулсан юм.
Португал улс вольфрам хэмээх ховор металлыг Гитлерийн эсрэг эвсэлд төдийгүй Гуравдугаар рейх, түүний холбоотнуудад зарж, муугүй аж төрж байлаа. Гэвч тэглээ гээд тус улс энэ орлогоороо баяжиж чадаагүй юм. Тэр жилүүдэд Португал улс асар том хар зах болон хувирсан гэж өнөө цагийн хүмүүс үздэг. “Дайтагч улсаас аялж ирсэн хүмүүсийн хувьд энэ улс агуу том энх тайван, хөгжил цэцэглэлтийн баян бүрд мэт харагддаг байлаа. Энд цахилгаан тасраагүй, хоол хүнсийг картаар олгодоггүй, дэлгүүрүүд мөнгөтэй хүмүүст бараа бүтээгдэхүүн, тансаг бараагаа дүүрэн дэлгэсэн байдалтай байсан” хэмээн нэгэн англи хүн тус улсын дүрслэн бичжээ.
Төрийн тэргүүний хувьд Европын дарангуйлагч удирдагчдын зуршлыг огтхон ч дагаагүй бөгөөд түүнд зориулсан хөшөө дурсгал огтхон ч босгоогүй, хот, гудамжийг өөрийнх нь гэрээр нэрлээгүй, тахин шүтэх үзэгдэл ч газар аваагүй юм. 1912 оноос түүний албан ёсны ордонд Белен ордон тооцогддог байв. Гэвч удирдагчдыг энд байлгасных нь төлөө сар бүр 100 мянган реалын төлбөр сар бүр төлөх ёстой байлаа. Салазар засгийн эрхэнд гармагцаа энэ хуулийг цуцалж, Лиссабонд хөлсний нэгэн даруухан байранд суух болжээ.
Удирдагчийн цорын ганц сул тал нь тансаг зэрэглэлийн автомашинууд байв. Тэрбээр машинаа өөрөө унах дуртай байсан гэнэ. Тухайлбал 1955 онд түүнд Rolls-Royce Silver Cloud, Bentley S-Series загварын шинэ хоёр машин хүргэсэн байна. Энэ хоёр машиныг хараад магнай нь хагартал баярласан гэж энэ явдлыг үзсэн хүмүүс ярьдаг.
Бид зөвхөн сайн мэдээ л бэлтгэдэг
Бусдаар бол Салазар сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн байсан юм. Төрийн тэргүүний ойрын хүрээллийн хүмүүс түүнийг урьдын адил өөрийгөө их сургуулийн багш, харин удирдагчийнхаа албыг удаан үргэлжилсэн томилолт гэж үздэг байсан тухай ярьдаг. Тиймээс жил бүр их сургуульдаа ээлжит жилийн чөлөө олгохыг хүссэн захидлаа засаж бичиж явуулдаг байсан гэнэ.
Дайны дараа хуучинсаг үзэлтэн Салазар олон хүнд цаг үедээ тохирохгүй мэт санагдах болжээ. Тэрээр Португалд яагаад чөлөөт сонгууль, албан боловсрол, эрүүл мэндийн систем, олон намын тогтолцоо хэрэгтэй вэ гэдгийг огт ойлгохгүй байлаа.
Тэрээр Португалын колоничлолд маш хатуу байр суурь баримталж байсан юм. 1961 он гэхэд тус улс Ази, Африкт харьяаны найман газар нутагтай байсан бөгөөд тэдгээр газар нутагт тусгаар тогтнох эрх олгохгүй байв. Олон улсын нийгэмлэгээс тус улсад дарамт шахалт үзүүлсэн хэдий ч энэ бүгд тус болоогүй юм.
Салазар өөрөө 36 жил төр барихдаа нэг ч удаа эдгээр газарт биечлэн очиж байгаагүй бөгөөд Португал одоо ч колоничилсоор байгаа гэдгийг үгүйсгэдэг байжээ. Энэ бол ердөө л далайн чанадын газар нутаг нь гэж тэр өмөөрнө. Эцэст нь тэдгээр газар нутагт бослого эхэлж, тэдгээрийг дарахын тулд улсын төсвийн гуравны нэгийг нь зарцуулдаг болжээ.
Залуу португалчууд колонийн засаглалаа хадгалж үлдэхийн төлөө тулалдахын оронд илүү сайхан амьдралыг эрэлхийлж, улс орноосоо гарч байлаа. Иргэддээ ямар нэгэн сайхан амьдралыг санал болгож чадахгүй байгаа хүмүүс колонийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах, цэргийн алба хаахыг ятгаж чадна гэж үү. Тиймээс дэглэм бараг л Салазарын нэр хүнд дээр л тогтож байсан гэхэд болно.
1968 оны зун Салазар сандал дээрээ нааш цааш дүүжиндэж байгаад санамсаргүй унаж, толгойгоороо хүчтэй цохижээ. Ингээд тархинаас нь цус их хэмжээгээр алдаж, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй болов. Тэрээр сар эмнэлэгт байх хугацаанд төрийн тэргүүн хэвээр л байсан юм. Гэвч эцэст нь шинэ Ерөнхий сайд томилох шийдвэр гаргаж, либерал профессор Марселу Каэтану засгийн эрхэнд гарч иржээ.
Салазарын нөхөд ч түүнийг гомдоосонгүй, түүнийг эцсийн амьсгалаа хураах хүртэл төрийн тэргүүн байхаа больж байсныг хэлээгүй гэдэг. Эмч, сувилагч нар тухайн орны бодит нөхцөл байдлын талаар өвчтөнд юу ч хэлэхгүй байхыг анхааруулсан тул Салазар өдөр бүр “сайд нарын танхим” -ын хуралдаан зохион байгуулж, түүнд бичиг баримтад гарын үсэг зурж, харьяа алба хаагчдадаа тушаалаа тараадаг байлаа.
79 настай эрд зориулан Засгийн газрын сонины тусгай хувилбарыг ч ганц хувь хэвлүүлдэг болжээ. Түүнд нь уйтгар гунигтай мэдээ байсангүй. Тиймээс АНУ-д дургүй байсан Салазарт Америкийн сансрын нисэгчид саран дээр газардсан гэж хэлэхгүй байхаар шийджээ.
1970 онд Португалын дарангуйлагч таалал төгсчээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл өөрийгөө энэ улсын Ерөнхий сайд гэдэгтээ итгэлтэй байсан юм. Олон нийтийн санал асуулгаас үзэхэд Салазарыг Португалын хамгийн алдартай удирдагчдын нэг гэж үздэг байна.
Орчуулсан Э.МАРТ