[starbox
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Саудын Арабт айлчлал хийх үеэр тэргүүн хатагтай Меланья Трамп уламжлалыг хүндэтгэн толгойгоо алчуураар боосонгүй. Тэргүүн хатагтай Эр-Риядад лалын уламлжлалаас татгалздаг барууны эмэгтэйчүүдийн эв санаа нэгдлийг харуулахыг зорьсон бололтой. Тэгвэл энэхүү толгойн алчуур улс төрд юуг илэрхийлдэг вэ?
Дональд Трамп энэ сарын 20-ны бямба гарагт Эр-Риядад гэргийн хамт хоёр хоногийн айлчлал хийсэн билээ. Тэд Саудын Арабт анх онгоцноос буух үед Меланья Трамп эндхийн эмэгтэйчүүдийн гол дресс-код болсон алчуур толгойдоо зүүх, хөлийн улаа хүртэл хаах уламжлалыг сахиагүй аж. “Эр-Рияд гайхалтай хүлээн авсанд баярлалаа” хэмээн Меланья Трамп “Твиттер”-тээ бичиж, зургаа тавьсан байна. Түүний гэрэл зургаас харахад Меланья Трамп хар өмд цамцыг өргөн алтан бүсээр даруулан чимж, томхон хэмжээний алтан хүзүүний зүүлт зүүжээ.
Гэхдээ иймэрхүү мэдээлэл байнга шахам гардаг гэхэд болно. Учир нь барууны орны төрийн тэргүүн эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хатуу хязгаарладаг тус улсад ирэхдээ тухайн улсынхаа аяг занд тааруулан хувцаслах уу, үгүй юу гэсэн ер бусын сонирхолтой асуудалтай байнга тулгардаг. Учир нь энэ тохиолдолд толгойн алчуур нь гоёл чимэглэл төдийгүй, улс төрийн илэрхийлэл болж байдаг аж.
Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель бен Ахмад аль-Жубейр АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трампыг улс оронд хэрэгждэг дресс-кодыг заавал дагах ёстой юу гэсэн асуултад ингэж хариулжээ. Тэрбээр “Хаант улс түүний сонгосон ямар ч стилийг дэмжих болно. Тиймээс алчуураас татгалзсанаар дуулиан шуугиан үүсгэхгүй” гэжээ. Гэхдээ энэ нь толгойн алчуургүй байхыг хэн ч анзаарахгүй гэсэн үг биш юм. Харин ч бүгд үүнийг анзаарна.
Анзаарах анзаарахдаа Меланья (тэрбээр 2010 онд ирэхдээ алчуур зүүжээ) Саудын Арабт эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарлах шаардлагыг дагах хүсэлгүй барууны бусад орны удирдагч эмэгтэйчүүдтэй нэгдэж буйг анзаарах аж. Тухайлбал, энэ сарын 1-нд Германы канцлер Ангела Меркель тус улсад айлчлахдаа Сальман бен Абдель Азиз аль-Сауд хаанд бараалхах үеэрээ толгойн алчуур зүүгээгүй. Түүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад айлчлахдаа алчуур зүүлгүй, өмдтэй хослол өмсчээ. Уг нь Их Британийн ГХЯ-наас түүнд өмнөх үеийнхнийг нь сануулсан зөвлөгөө өгсөн гэдэг. Учир нь төмөр хатагтай Маргарет Тэтчер, Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд тухайн улсын уламжлалыг хүндэтгэж, биеийн тодорхой хэсгүүдийг халхалдаг байжээ.
Гэхдээ Ангела Меркель, Тереза Мэй нар ч энэхүү трэндийг бий болгоогүй юм аа. Аль 2015 онд АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама толгойн алчуур зүүхээс татгалзсан түүхтэй. Тэр ч бүү хэл тэрбээр Саудын Арабын хаан Абдаллагийн таалал төгссөн гашуудлын үйл ажиллагаанд оролцож байж тод цэнхэр өнгийн өмдний хослол өмссөн аж. Энэ хувцаслалт тус улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, алчуургүйгээс гадна тод өнгийн хувцас олон нийтийн сүлжээг хэрэглэгчдийг бухимдуулжээ. Тэд #Michelle_Obama_Immodest ба #Michelle_Obama_Not_Veiled гэсэн хэштегээр эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Үүн дээр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ч нэгдэж, Саудын Арабын ард түмнийг доромжиллоо хэмээн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
Мишель Обама 2010 онд Индонезид айлчлал хийх үеэрээ сүмд орохдоо толгойгоо алчуураар бас л ороогоогүй. Үүгээрээ тэр уламжлалыг хүндэтгэж толгойн алчуур зүүгээгүй сүүлчийн америк эмэгтэй ч болоогүй аж. Үүнээс өмнө Лора Буш, Хиллари Клинтон, Кондолиза Райс ч ийм алхам хийж байсан. Яагаад гэвэл Их Британи, Америкийн ГХЯ-аас тухайн орны дресс-кодыг сахиагүй бол ямар үр дагавар учирдаг тухай анхааруулдаг ч энэ нь төрийн тэргүүнүүдэд хүртээлгүй байдаг бололтой.
Толгойн алчуураас болж улс орнуудын дипломат харилцаанд сэв үүссэн тохиолдол үгүй ч барууны орныг төлөөлж буй эмэгтэйчүүд ерөнхийдөө ёс зүйг баримтлахыг хичээдэг.
Меланья Трампын хар хувцас хэдийгээр өмдний хослол ч лалын шашинт эмэгтэйчүүдийн хувцаслалттай ерөнхийдөө төстэй аж. Тэгвэл АНУ-ын төрийн тэргүүний том охин Иванка Трамп нөхөр Жаред Кушнертэйгээ хамт айлчлахаар ирэхдээ оноо багатай, урт ханцуйтай, шагайгаа хүрсэн энгийн даашинз өмсөж, лалын дресс-кодыг сахисан нь илт харагдана.
Тэгвэл ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Саудын Арабт айлчлах үеэрээ огт өөр замыг сонгожээ. “Дипломат соёл гэж нэг юм бий. Өөр улсад ирж байгаа бол та тухайн орныхоо соёл, уламжлал, шашны онцлогт хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ бол дипломат ёс зүйн хувьд төдийгүй дотоод соёлын зайлшгүй нэг асуудал. Тийм ээ, тэд мэдээж бүгдийг тэвчиж, хүлээн авна. Гэхдээ сэтгэлд нь заавал нэг юм үлдэнэ” хэмээн тэрбээр тухайн улсын уламжлал улс төрийн сэдвийн яриа хэлэлцээрт хэрхэн тус хүргэдэг тухай асуултад хариулжээ.
Эх сурвалж:
1 comment
yu gej tolgoidoo alchuur zuudgiin ted nar irehdee tegwel kostyum omsdog biluu ene hoshin huwtsastaigaa l yawj haragddag shd