МАН-ын дарга У.Хүрэлсүх намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд гурван шалгуур тавих гэнэ.
Нэгдүгээрт: Ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.
Хоёрдугаарт: Итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна.
Гуравдугаарт: Ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Өнөөдөр бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна. Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг.
Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье. Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур.
МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг хэмээн хэлжээ.