Зүүн Азийг хамарсан цар тахлын үеэр Сингапур, Тайвань хэмээх хоёр арал мөр бүтэн үлдсэн юм. Хятадын эх газарт 80 мянга гаруй, хөрш Өмнөд Солонгост нь 9 мянга орчим хүн халдвар аваад байхад Тайвань, Сингапурт 200, 500 хүн л халдвар авсан нь үнэхээр гайхшируулж байлаа. Хэдийгээр Азийн эдгээр бүс олон сая хүн амтай, БНХАУ-тай нягт холбоотой ч ийм цөөн халдвартайгаар цар тахлыг барьж чадсан нууц нь юундаа байна вэ? Энэ тухай Оросын Алс Дорнодын холбооны их сургуулийн Халдварт өвчин, уушги судлал, арьс өнгө судлалын тэнхимийн ахлах багш Валентина Семёнова ийнхүү ярьж байна.
-Сингапур, Тайваньд өвчтөн бүртэй ойрхон байсан байж болох “хавьтагчид”-ыг илрүүлэх ажилд гол анхаарлаа хандуулсан. Шинэ коронавирустэй хүн илэрмэгц л эмч нар тусгай албад хамтран бүхэл бүтэн мөрдлөг шалгалт явуулж, халдвар авсан байж болзошгүй хүмүүстэй утсаар ярьж байлаа.
Хэвлэлүүдээр COVID-19-ийн шинж тэмдэг, хамгаалах арга хэмжээний тухай мэдээллийн өргөн кампанит ажил явуулж, ауюлтай шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байсан. Мөн оношилгоо, эрт илрүүлэгт их анхаарсан.
Зөвхөн Тайванийн талаар ярихад л эхнээс нь эмнэлэг, хил гаалийн албадын харилцан уялдааг хангаж ирсэн. Тэд мэдээллийн сангаа нэгтгэж, халдвар тархсан улсаас ирсэн хүмүүсийг хянаж байв. Тодорхой тохиолдлуудад тусгай албад гар утасны геолокацийн мэдээллийн тусламжтайгаар тэдний байрлаж байсан газрыг мөрдөж байсан.
Ингээд өвчтөн эмнэлэгт ирмэгц цахим мэдээллийг нь хараад л аюулын түвшин, байршлынх нь түүхийг харж үнэлж байлаа. Энэ бүгд тус бүсэд халдвар хумигдах гол үндэс болсон гэжээ.