Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгох нь ач холбогдолтой, эсэхийг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболдоос тодрууллаа.
-ТТХГ-ыг тагнуулын байгууллагаас салгаж, бие даасан агентлаг болгохоор эрчимтэй ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын зэрэглэлд хамаарах төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгч, төр, засгийн удирдлагаар ажиллаж байсан субъектийн аюулгүй байдлыг хангахаар тус тусын чиг үүргээр оролцож байгаа байгууллагуудын нэгдмэл ажил юм.
-Мэргэжлийн тусгай байгууллагууд хэрхэн оролцдог юм бол?
-Хуульд зааснаар тагнуул, цагдаа, төрийн бусад байгууллага өөр өөрийн эрхлэх асуудлаар төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд оролцож байдаг. Цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тагнуулын байгууллага Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай.
-Тухайлбал ямар сөрөг үр дагавар бий болно гэж?
-Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа. Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийн биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг нь давхар хөндөгдөнө. Энэ нь хуулиараа тагнуулын байгууллагад хамаарах асуудал, төрийн аюулгүй байдлыг хангах үндсэн ажлын нэг салаа мөчир нь төрийн тусгай хамгаалалт юм л даа. Бид уламжлалаа хадгалж, ололт амжилтаа бэхжүүлэхэд анхаарч явахгүй бол хэт явцуу ашиг сонирхлоор үүнд хандаж болохгүй.
-ТТХГ нь төрийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэх боломжгүй гэж үү?
-Боломжгүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах асуудал нь тагнуулын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг. ТТХГ нь тодорхой зорилгын хүрээнд үүрэг хэрэгжүүлдэг газар болохоос биш, чиг үүрэг хариуцах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь ч тэр, одоо ч гэсэн энэ газар улсын аюулгүй байдлыг хангах байгууллагынхаа харьяанд явснаар аливаа сөрөг үр дагавар үүсэж байсангүй.