Бэлтгэсэн: Г.Равжаа
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, нийслэлийн ЗДТГ-ын дарга асан Ё.Гэрэлчулуун, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкны хөрөнгөөс албан тушаалаа ашиглан завшиж, үрэгдүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хийхээр товложээ.
Э.Бат-Үүлийг Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан ч ажлаа хийгээгүйг уншигчид санаж буй. Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан орчимд дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгад хандаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулж, үүний 5.5 тэрбумаар нь “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон юм.
ТОСК-ын захирал асан А.Гантулга Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан хэрэгт буруутгагдаад буй билээ. Өмнө нь уг хэргийг шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш шийдвэрлэлгүй өдий хүрч буй юм.