Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл иргэддээ хандаж, сануулга өглөө.
Вирус дэлхий даяар тархаж байгаа учраас халдвар авахгүй нэг ч орон, нэг ч хүн байхгүй, тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайтар сахихыг сануулсаар байна гэлээ.
Мөн Монгол Улсын иргэд амны хаалтыг маш сайн хэрэглэж байгаа боловч, хэрэглэсэн амныхаа хаалтыг ил задгай хаях тохиолдлууд элбэг ажиглагдах болсон талаар хэлэв.
Тэрбээр “Амны хаалтыг гадуур их хаяж байна. Хаврын үед амны хаалтыг гадаад орчинд хаях нь өвчлөл тарах магадлалыг өсгөнө. Хуучин амны хаалтаа гялгар уутанд хийж, амыг нь боож хаяхыг сануулж байна” гэлээ.