АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр мэдээлжээ.
“Бямба гарагийн орой конгрессийн гишүүнээс халуурах, толгой өвдөх шинж тэмдэгүүд ажиглагдаж эхэлсэн бөгөөд шинжилгээгээр Covid-19 вирусийн халдвар авсан нь тодорхой боллоо” гэж түүний ажлын албанаас мэдээлсэн байна.
Диаз-Баларт өөрийн биеийн байдлыг сайжирч байгаа тухай мэдэгдээд Америкчуудад хандаж халдвараас сэргийлэхэд “онцгой анхаарал” тавихыг уриалжээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд тусгаарлагдах арга хэмжээ аваад байгаа аж. Диаз-Баларттай ойр ажиллаж байсан конгрессийн гишүүд мөн нэмж тусгаарлагдаж магадгүй.
Сүүлийн байдлаар АНУ-д 8,500 гаруй хүн шинэ коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь эрчимтэй нэмэгдэж байна.
Эх сурвалж: CNN