-Америк зохиолчийн романаас аймшигт урьдчилсан зөнг олж илрүүлжээ-
Эрчимтэй тархаж буй COVID-19 буюу коронавирус нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болоод удаж байна. Энэ өвчнийг XXI зууны тахал хэмээж байгаа бөгөөд ойрын хугацаанд халдвар авсан хүмүүсийн тоо улам өснө гэж үзэж байгаа юм. Яг энэ үеэр олон жилийн өмнө иймэрхүү халдварын үр дагаврын тухай бичсэн зохиолчдын зохиол бүтээлийн талаар хүмүүс их ярих болсон. Тэдгээр зохиолчдын тоонд Стивен Кинг, Жек Лондон, тэр ч бүү хэл Жованни Боккаччо нар орж байгаа юм.
Вирусын сэдэвтэй бүтээл Европын утга зохиолд илүү гардаг. Тахлын халдварыг хамарсан болохоор арга ч үгүй биз. 1347 оны 11 дүгээр сард Марсельд, 1348 онд Авиньонд, хожим нь Венец, Генуя, Барселонад, 1350 онд Польшид халдвар гарсан. Энэ тахлаар ихэнх хотын тал хүн ам нь үрэгдсэн болохоор хилэгнэсэн Бурхны гэсгээл гэж харах нь ч аргагүй байсан юм.
Тухайн үеийн халдварын шинж тэмдэгт тасралтгүй ханиалгах, амьсгал нь олшрох, хүн маш ихээр гуньж гутрах гэх мэт ордог гэж тухайн үед дүгнэж байв. Гэвч Италийн зохиолч Жованни Боккаччо энэ үеэр зөвхөн хөгжилдөж байсан хүмүүсийг тэмдэглэжээ. “Ил задгай дарс шимж, зугаацаж, агсам согтуу тавьж, гудамжинд дуулж хуурдан, хамгийн гашуудал, гаслантай зүйлээр байж болох бүхий л тачаал, инээд хөөр, хошин шог болгож байлаа” хэмээн “Декамерон” зохиолдоо тухайн цагийн үйл явдлыг дүрслэн бичжээ.
Яг ийм үйл явдлыг Даниэль Дефо “Тахлын хотын өдрий тэмдэглэл” түүхэн романдаа “Хотод байж болох бүхий л гэмт хэрэг, дуулиан шуугиан гарч байлаа” хэмээн бичжээ. Гэвч энэ бол бодит явдлууд байсан юм. Харин иймэрхүү халдварын тухай ямар зохиолч өөрөө бодож бичсэн бол?
Зохиолч Жек Лондон 100 гаруй жилийн өмнө “Цусан улаан тахал” нэртэй номоо бичихдээ юуг удирдлагаа болгосныг бид мэдэхгүй юм. Гэхдээ тэрээр энэ зохиолдоо өнөөдрийг санагдуулам зүйл бичжээ. Романы үйл явдал 2013 онд гарах бөгөөд хүмүүс гэнэт л огт тайлагдаагүй өвчин гарсныг мэдэрдэг байна. Эхэндээ арьсан дээр улаан тууралтууд гарч ирснээ удалгүй халуурч чичирч эхэлнэ. Эрдэмтэд хүмүүст туслахыг хүсэх ч өөрсдөө халдвар авч нас барна.
Хожим нь тахал Сан-Францискод хүрч, хот агшин зуурт эмх замбараагүй болдог. Хүмүүс тэндээс байж болох бүхий л аргаараа зугтахыг оролддог боловч хэдийнэ хожимдож, аль хэдийнэ халдвар авсан байна. Өвдсөн хүмүүс шууд л гудамжинд үхэж, гэрэл цахилгаан унтарч, тээвэр зогсоно. “Сайн сайхан үйл дуусах цаг иржээ. Соёл иргэншил нурж, хүн бүр өөрийнхөө арьсыг аварч байлаа” хэмээн Лондон бичсэн аж.
Зохиолч энэ үйл явдлыг долоон жилээр алдсаныг өршөөн хэлтрүүлбэл бичсэн зүйлс нь өнөөдрийн үйл явдлуудтай гайхахаар адилхан аж. Тэр тусмаа коронавирус сүүлийн үед халуурах, тууралт гэрэх денге чичрэг өвчинтэй төстэй болсон.
“Нэгэн цагт дөрвөн сая хүн аж төрж байсан тэнд өдгөө өлсгөлөн чоно л хэрэн хэснэ. Харин бидний зэрлэгшсэн удам дөрвөн хөлт тонуулчдаас эртний зэвсгээр хамгаалахаар өөр аргагүй болно. Хүний төрөл соёл иргэншлийнхээ оргилд цусан мөр татуулан дахин гарч эхлэхээс өмнө зэрлэг бүдүүлэг шөнийн харанхуйдаа эргэн орно” хэмээн зөн билигт зохиолч бичжээ.
Энэ зохиол ёсоор бол хэдэн сая өвдсөн хүнээс хэдэн зуу нь л амьд гарч чаддаг байна. Тэд дэлхийд дахин төвхнөхөөс өөр аргагүй болно гэжээ.
Канадын зохиолч Эмили Сент-Жон Мандел ч үүнтэй төстэй түүхийг дүрсэлсэн. Түүний “11 станц” романд нэг вирусээс болоод бүхэл бүтэн улс орнууд төдийгүй тив мөхдөг тухай дүрсэлжээ. Амьд гарсан хүн төрөлхтний 1-хэн хувьд атаархахын аргагүй. Тэд цахилгаангүй, эм бэлдмэл, хоол хүнсгүй болно. Зөвхөн нэгдэж, бие биеэ боломжоороо туслахаас өөр замгүй болно гэдэг.
Аймшигт цар тахлын тухай Стивен Кинг ч уран тодоор дүрсэлжээ. Түүний “Эсэргүүцэл” хэмээх романд халдварт хүн амын 0,6 хувь нь өртөлгүй үлддэг, үлдсэн үхдэг тухай гардаг. Хүчирхийлэл гаарч, нийгэм задарч, хамгийн гол нь үхлийн аюултай өвчнийг зогсоох боломжгүй болсон нь баатруудыг аймшигт хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй байгаа мэт болгодог. Амьд үлдсэн хүмүүс ч мөн хэтэрхий хүйтэн, энэ ертөнцөд хайртай хүмүүс нь байхгүй ганцаардсанаас болоод амь үрэгддэг байна.
“Амьдрал бол хэнд ч удаан тогтох боломж олгодоггүй морин тойруулга юм. Эцсийн эцэст амьдрал буцаад байрандаа эргэн ирж, тойргоо хумьдаг” хэмээн зохиолч бичжээ.
Сонирхуулахад Кингийг шүтэн бишрэгчид өмнө нь ч түүний романуудыг зөн билигтэй гэцгээж байсан гэдэг. Тухайлбал “Мөхсөн бүс” номын баатар болох Дэлхийн гуравдугаар дайнтай холбогдсон эр нь өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дурсан бичсэн байдаг. Гэтэл энэ зохиол 1979 онд бичигджээ.
Эх сурвалж: dailystorm.ru
Орчуулсан Э.МАРТ