Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн юм.
Харин прокуророос М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 02-р сарын 20-ны өдөр харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар авто машин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.