Дийлэнх улс орнуудын Төв банкнууд бодлогын хүүгээ багасгаж Коронавирусны эсрэг эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлжээ.
Ингээд ubchamber.mn сайтын “Цар тахлын дараагийн ХЯМРАЛД бэлэн үү” гарчигтай эдийн засаг, нийгэм, улс төрд өрнөж байгаа үйл явдлын тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
2008 онд дэлхийн эдийн засгийг сүйрлээс аврахын тулд бөмбөрцгийн өнцөг булан бүрд Төв банкнууд зохион байгуулалттайгаар хамтарсан бодлого хэрэгжүүлж байлаа. Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварт цар тахал тэр үеэс хойших олон улсын хамтын ажиллагааг сорьсон эхний шалгуур (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2020-03-12 ) болж байна.
Энэ хоёр хямралын суурь нь тэс ондоо гэдэгтэй маргах илүүц биз. “COVID-19” бол эн тэргүүнд нийтийн эрүүл мэндийн эрсдэл бөгөөд тархалтыг таамаглахад бэрх, дарахад амаргүй (эх сурвалж: https://www.bloomberg.com/graphics/2020-wuhan-nove). Шинэ халдварын тоо цөөрч байгаа БНХАУ-д ч дэгдэлт дахиж болзошгүй байгаа юм.
Цар тахал асар хурдацтайгаар эдийн засгийн хямралд хувилж байгааг үгүйсгэхийн аргагүй. Дэлхийн хамгийн хүчтэй санхүүгийн институт болох Европын Төв банк “Тун удалгүй санхүүгийн хямрал нүүрлэж болзошгүй бөгөөд 2008 оноос ч илүү хүнд хохирол дагуулж мэдэх”-ийг анхааруулсаар байна. Хэдий тийм боловч өнөөгийн нөхцөл, улс орнуудын удирдагчдын мэдэгдлийг сонсоход нэгдмэл байдлаас илүүтэй дотоодын ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2020-03-13) үндсэрхэг үзэн ялалт байгуулах хандлагатай нь харамсалтай.
2008 онд олон улсын эдийн засаг сүйрлийн ирмэг дээр ирэхэд аварсан хамтын хүч, гагнасан гинжийг худалдааны маргаан дагуулсан өрсөлдөөн тасалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ эх оронд нь шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авчирсанд Европыг буруутгав. Мөн “COVID-19”-ийг “Хятад вирус” гэж нэрлэн худалдааны хориг, өндөр ханаар хамгаалж болох байсан (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2020-03-11) гаднын импорт гэх санаа илэрхийллээ. АНУ-ын тэргүүн дипломатч, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ч “Уханийн вирус” гэж нэрлэсэн нь нэг талаар гол өрсөлдөгч болох БНХАУ-ын нэр хүндийг унагах үйлдэл байв.
БНХАУ ч дуугүй сонсоод өнгөрсөнгүй. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Зао Лижиан “Уханьд дэгдсэн вирусийн халдварын ард АНУ-ын арми байж болзошгүй” (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2020-03-13) хэмээн хуйвалдааны онол тараах оролдлого хийв. Хоржоонтой нь энэ маягийн улстөрийн явуулгыг (манайхан бол хор найруулах гэдэг) эхлээд Дональд Трампын талын Бүгд найрамдахчууд хийсэн байдаг.
Гэхдээ өмнөх хямралын үед ч хамтын ажиллагааг эхлүүлэхийн өмнө ширүүн маргалдаж байсан юм. БНХАУ-ын тал болчимгүй америк банкирууд, зээлээр худалдан авалт хийж дадсан зуршлыг шүүмжилж, асар их ипотекийн зээл олголтыг “шуналын гай” гэж байв. Харин америкчууд БНХАУ-ын валютын манипуляци, хямд өртөгтэй юанийн урсгал нь хямрал нүүрлэх суурийг тавьсан гэцгээж байлаа. Хэдий тийм боловч “Lehman Brothers” үүдээ барих мөчид Европ, АНУ, Английн Төв банк манлайлан олон улсын хэмжээнд санхүүгийн зохицуулагчид хямралыг гэтэлж чадсан билээ.
Хамгийн харамсалтай нь 2008 оны хямралын дараах жилүүдэд ядарсан ард түмнийг амлалтаараа уяраасан популистууд хүч авсан (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2019-03-22) 2016 онд “Их 20”-ийн ердөө найман хувийг популист гэх тодотголтой улстөрчид удирдаж байсан бол өнөөдөр 43 хувийг нь “попууд” удирдаж байна. Энэ нь амьдралаа хурдан дээшлүүлэх хүсэлтэй ард түмний сонголт байсан аж. Гэвч хамтын ажиллагаа юу юунаас илүү үгүйлэгдэж буй өнөө үед популистуудын хэт үндсэрхэг, үл итгэх, цаашлаад гаднынхныг сэрдэх хандлага нь сорилтыг давахад тушаа болж байна. Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Берт Хофман бичихдээ (эх сурвалж: https://twitter.com/berthofmanecon/status/12382695) “Вирус, эдийн засгийн хөдөлгөөн хилээр хязгаарлагддаггүй нягт холбоотой ертөнцөд хамтын ажиллагаа л шийдэл” гээд “Өнөөгийн нөхцөлийг харахад АНУ бусадтай хамтарч чадахгүй бололтой. Харин Европын Холбоо хаана байна?” гэж асуужээ.
Эрүүл мэндийн салбарынхан Засгийн газруудын авсан арга хэмжээ цар тахалтай тэмцэх хамгийн зөв хувилбар байсан уу? гэдгийг ирэх олон жилийн турш судалж, ярилцах болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагууд БНХАУ-ын ятгалгад автаж шийдвэрээ хойшлуулсан уу? эсвэл нүсэр бүтэцтэй, мэдээлэл нуун дарагдуулах дадалтай БНХАУ-ын удирдагчид хэтэрхий оройтож хөдөлсөн үү?, Хөл хорио тогтоох нь оновчтой алхам байсан уу? зэрэг олон асуулт тавигдана. Заримд нь “тийм”, заримд нь “үгүй” гэж санал үл нийлэх шинжээчид ирэх жилүүдэд олноор гарч ирэх нь дамжиггүй. Хэдий тийм боловч яг одоо нийтийн дайсныг (шинэ төрлийн “коронавирус”) дарах шуурхай хамтарсан арга хэмжээ хэрэгтэй байна.
Төв банкнуудын удирдагчид, Сангийн сайд нар зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх, хүүгээ буулгахаас эхлээд бизнест татаас олгох хүртэл үндэсний хэмжээнд арга хэмжээ авахаа зарласан юм. Гэхдээ өмнөх хямралуудаас хэт ялгаатай, үйлдвэрлэлийн төв цэг болсон БНХАУ-аас ихтэй хямралын цохилт хэр хүчтэй тусахыг хэн ч тааж мэдэхгүй байна. Ганц зүйл дээр л санал нэгдэж байгаа нь “Цохиулах нь” тодорхой. Гэхдээ сөхөртлөө хүчтэй цохиулах уу?, Шалбарах төдий өнгөрөх үү? гэдэгт тоймтой хариулт одоогоор алга.
Хэдий тийм боловч популист улстөрчид цар тахлыг улс төрийн идеологийн шинэ талбар мэтээр ашиглаж, хувийн оноо, ирэх сонгуулиар саналын тоогоо өсгөх боломж гэж харах нь давамгайлж байна. Хамгийн их хохирол амссан БНХАУ л гэхэд шинээр халдварлагсдын тоо цөөрч байгааг захиргаадалтын засаглалын ялалт (эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2020-03-12) мэтээр сурталчилж байна. Харин ардчиллын харуул гэж өөрсдийгөө нэрлэдэг орны удирдагч нь вирусийн тархалтын асуудлаар телевизийн шоу хийж байна. Энэ үзэгдэл дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч аваргуудаас гадна жижиг орнуудад ч илт харагдаж байна.
Ужиг өвчин болж мэдэх аюул нь Олон Улсын Валютын Сангийн нэрлэдгээр “Үл итгэлцлийн занга”-нд унах. Удааширсан хариу үйлдэл, хямралыг давахад урт хугацаа шаардах зэрэг нь институтын итгэлийг алдагдуулдаг. Улмаар институтыг үндэслэлгүй шүүмжилдэг, хэт үзэлтнүүд сонгогдох магадлал нэмэгдэнэ. Энэ нь дараагийн хямрал, хүндрэл, сорилтын үед улам л хэт үзэлтэй, улам л чадвар дутмаг хүмүүс шийдвэр гаргана гэсэн үг. Энэ нь итгэлийг улам дордуулснаар өмнөхөөсөө ч дор хүмүүс орлох зарчмаар тасралтгүй дордох сэлгээг “Үл итгэлцлийн занга” гэдэг. Энэхүү занга эдийн засгийн сүйрэл, эсвэл дарангуйлалд хөтөлдөг гэх нь ч бий.
“COVID-19” нь “Бид занганд уначихсан уу? Яагаад уначихав? Тийм бол яаж гарах вэ?” гэдэг асуултын хариуг эрчимтэй хайх сануулга өгсөн ташуур ч байж мэднэ.