Монгол Улсын гурван иргэн Ковид-19 шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөн эх орондоо ирсэнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон УОК-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Тусгай үүргийн онгоцоор авч ирсэн иргэдээс Ковид-19 вирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор төр, захиргааны байгууллагаас хорио цээрийн ямар дэглэм барьж ажиллах шийдвэр гаргах бол гэх хүлээлт байсан. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэх хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой дараах хариултыг УОК-ын дарга Ө.Энхтүвшин өглөө.
Тэрбээр ” Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд үүрэг болгосон. Дараагийн хуралдаанаараа бид шийдвэрлэнэ” гэх тайлбарыг өгөв.