Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш тусгаарлан ажиглалтад 2239 иргэн хүлээн авснаас өнөөдрийн байдлаар /2020.03.17/ 1330 хүн тусгаарлагдаад байна. 293 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийснээс онош батлагдсан 4 тохиолдол байна. Ингэснээр Монгол Улсад Ковид-19 халдварын 4 тохиолдол бүртгэгдлээ.
Өчигдөр Токио-УБ-ын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 63 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэнийг Жаргалант, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувилалд байрлуулан ажиглаж байна.
Хилийн боомтуудаар олон улсаар дамжсан иргэд ирсээр байна. Сэлэнгийн Алтанбулаг, Баян-Өлгийн Цагааннуур сум дахь боомтуудаар Австрали, Тайланд, Тайвань, Филиппин, Хонгконг, БНСУ, Хойд Солонгос, Канад, Франц, ОХУ, АНУ, Унгар, Испани, Индонез, Укбекистан, Турк, Энэтхэг улсуудаар дамжсан иргэд ирснийг бүрэн тусгаарласан.
Резидент эмч нар болон тархвар судлалын мэргэжлийн тэтгэвэрт гарсан эмч нараа татан оролцуулж ажиллаж байна. БНХАУ-аас коронавирусийн халдварыг эмчлэх уламжлалт анагаах ухааны эмчилгээний жорыг авсан. Уламжлалт эмчилгээний заавар журмыг батлуулж, эмчилгээнд нэвтүүлэхээр ажиллаж байна гэлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Эх орондоо ирж буй иргэдэд онгоцонд хоолоор үйлчлээгүй, иргэдийг амны хаалтаа авахгүй, аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн тул онгоцонд халдвар дамжсан байх эрсдэл тун бага юм. Шинээр халдвар авсан гурван хүний бүх хавьтлуудыг тогтоон ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна.
Солонгос Улсаас ирсэн хоёр хүн эмнэлэгт үйлчлүүлж байгаад ирсэн. Тиймээс аль ч улсын эрүүл мэндийн байгууллагуудад халдвар авах эрсдэлтэй юм. Иймд манай иргэд аль болох гэрээсээ гарахгүй, эмнэлг болон олон нийтийн газраар явахгүй байх нь зүйтэй. Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр ирсэн иргэд бүгд өөр өөр тусгаарлах байранд байгаа.