Хойд хөрш Орос гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл гадаадын иргэдийг нутаг дэвсгэр дээрээ оруулж ирэхээ хязгаарлах гэж байна. Даваа гарагт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин ТУХН-ийн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдтэй утсаар ярьсны дараа ийм шийдвэр гаргасан байна.
Гадаадын иргэдийг оруулж ирэхийг хязгаарласан нь улс орны аюулгүй байдал, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, коронавирусын халдварыг тархаахгүй байх зорилготой гэнэ. Энэ дагуу 2020 оны гуравдугаар сарын 18-ны орон нутгийн цагаар 00 цаг 00 минутаас эхлэн 2020 оны тавдугаар сарын 1-ний 00 цаг 00 минут хүртэл гадаадын иргэд болон иргэншилгүй этгээдийг оруулахыг хоригложээ.
Хориг нь ОХУ дахь дипломат төлөөлөгчийн газар, консулын байгууллагын ажилтнуудад хамаарахгүй. Мөн олон улсын автотээврийн холбооны автомашины жолооч нар, агаарын болон тэнгис, голын усан онгоцны багийнхан, олон улсын төмөр замын харилцааны галт тэрэг, зүтгүүрийн бригад, албан ёсны төлөөлөгчид, дипломат болон албаны хүмүүс, ойр төрлийн хүмүүс нь нас барсантай холбогдуулан хил нэвтрэх гэсэн энгийн иргэд, Орост байнга оршин суудаг хүмүүс, түүнчлэн агаарын дамжин нэвтрэх пунктээр дамжин транзит тээвэр хийж байгаа хүмүүст хамаарахгүй гэжээ.
Эх сурвалж: https://tass.ru
Орчуулсан Э.МАРТ