Засгийн газар тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчирч байна. Гуравдугаар сарын 15-наас 16-ны хооронд тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийж 732 монгол иргэн эх орондоо ирлээ.
Харин Истанбулын шууд нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл Туркийн талаас өгчээ. Тусгай үүргийн нислэгийг ЗТХЯ-наас хариуцан зохион байгуулж буй бөгөөд УОК-ийн зөвшөөрлөөр нислэг хийх юм байна.
Гуравдугаар сарын 15-нд Сөүл-УБ-ын онгоцоор 244, Берлин-Москва-УБ-ын чиглэлийн онгоцоор 231 монгол иргэн ирсэн бол 16-ны орой Токио-УБ-ын онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ.
Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр тийзийн захиалга өгсөн Монгол болон гадаадын 635 иргэн явсан бол 732 монгол иргэн эх орондоо ирлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.
ОБЕГ: ИСТАНБУЛ-УБ-ЫН НИСЛЭГЭЭР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
- Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.
- Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.
- Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
- Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.