Өмнөд Солонгост даваа гарагийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 8236 хүн өвчилж, нийт 75 өвчтөн нас барсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн шинээр 303 өвчтөн бүрэн эдгэрч, нийт 1137 иргэн эмнэлгээс гаран, гэртээ харьсан тухай тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Харин тус улсын зүүн өмнөд хэсэг орших Тэгү хотод уг вирусийн тархалт эрчимтэй тархан, үргэлжлэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Тэгвэл Сөүл хотоос өмнө зүгт орших Сонгнам хотод нэг дор 40 хүн коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдэв.
Энэхүү халдвар авсан иргэд бүгдээрээ “Протестант” сүмийн итгэгч байсан аж.
Тэд уг вирусийн халдвар авсан эсэх талаар лабораторт шинжилгээнд хамрагдсан байна. Улмаар шинжилгээний хариу эерэг буюу халдвар авсан болох нь батлагджээ. Одоогийн байдлаар дэлхийн 158 улс оронд 170 000 гаруй хүн халдвар авч, уг вирусийн халдвараар 6500 гаруй хүн нас барсан байна. Иймд тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс вирусийн халдвар, тархалтын эсрэг тэмцэх зорилгоор спорт, соёл, шашны арга хэмжээ гэх мэт олон нийтийн цугларалтад хориг тавьжээ.
Эх сурвалж: The First Post, zuv.mn