Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийг хүлээн авах, хуваарилан байрлуулах ажлыг зохион байгууллаа.
Өнөөдөр Берлин, Москвагаас иргэдээ авсан. Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг үзлэгт оруулж, 19 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн өнөөдөр Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Хуваарьт цагаар өнөө орой Улаанбаатарт бууна. Иргэдийг татан авах бэлтгэлийг хангаж байна” гэсэн юм.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Берлин, Москвагаас ирсэн иргэдийн дунд шинж тэмдэгтэй хүмүүс байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж байна. Энэ сарын 18-нд Туркээс иргэдээ авчирна. Одоогоор дэлхийн 150 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Улс орнууд хөл хорио тогтоох зэргээр яаралтай арга хэмжээ авсаар байна.
Тухайлбал, Испанид 46 сая гаруй хүн хөл хорионд орсон байна. Манай улсын хувьд онгоцны олон удаагийн нислэг хийх боломжгүй байна. Тиймээс одооноос Монгол Улсад гадаадын ямар ч иргэнийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэснийг мэдэгдье” гэсэн юм.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ 5600 гаруй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн гэж мэдээллээ.