Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 174 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (4.9 хувь) мянгаар нэмэгдсэн байна гэж ҮСХ мэдээллээ.
Харин 2020 оны хоёрдугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний хоёр сард хорогдсон малын 72 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл
- хонь 80.1 мянга
- ямаа 71.1 мянга
- үхэр 13.9 мянга
- адуу 8.8 мянга
- тэмээ 81 толгой хорогджээ.
Нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46 хувийг хонь эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2020 оны эхний хоёр сард Хөвсгөл аймагт 78.3 (45.0 хувь) мянга, Архангай аймагт 38.3 (22.0 хувь) мянга, Завхан аймагт 18.4 (10.6 хувь) мянган толгой мал хорогджээ. Дээрх аймгууд нь нийт хорогдлын 77.6 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31 сая эх малын 22.4 мянга (0.1%) нь 2020 оны эхний хоёр сард хорогдсон байна. Ховд, Сүхбаатар, Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудад хээлтэгч мал 1.4-8.1 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 77.8 хувийг эзэлж байна. Харин хээлтүүлэгч малын хорогдол 1359 болж, ухна 667, хуц 486, бух 131, азарга 62, ат 13 толгойгоор тус тус хорогджээ.
Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2020 оны эхний хоёр сард 1.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 0.6 (33.3 хувь) мянгаар буурсан байна.
Хорогдсон нийт том малын 0.7 хувь нь өвчнөөр, 3.8 хувь нь аюулт үзэгдлээр, 95.5 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогджээ.