Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цагаас нээхээр боллоо.
Ийнхүү хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаны хүмүүс сануулж байна.
Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно гэдгийг анхаарууллаа.