АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай цуг нэг арга хэмжээнд оролцсон хүмүүсээс Ковид-19 вирусийн халдвар илэрсэн билээ. Гэсэн ч Трамп шинжилгээ өгөхөөс татгалзсаар байсан ол Баасан гарагт Коронавирусийн шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байгаагаа өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Тэгвэл түүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан тухай Цагаан ордны эмч саяхан мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трамптай Флоридад уулзсан Бразилын ерөнхийлөгчийг дагалдаж явсан хүмүүсийн дотор халдвар тээгч сүүлд илэрсэн юм. Мөн хоёрдугаар сарын сүүлээр Вашингтонд болсон Бүгд Найрамдах намын чуулганд оролцсон нэг хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдож, уг арга хэмжээнд оролцсон хэд хэдэн конгрессийн гишүүн өөрийгөө олон нийтээс тусгаарласан юм.
Эдгээр тохиолдлуудын дараа Трамп вирусийн халдвар авсан байх магадлалтай гэсэн мэдээлэл хэвлэлээр тарж байв. Трамп өөрөө үүнийг эрс үгүйсгэж, шинжилгээ өгөх шаардлагагүй хэмээн олон удаа мэдэгдэж байсан юм. Гэвч эцэст нь шинжилгээ өгөхөөр болжээ.