Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

Коронавирусын халдвар дэлхий даяар идэвхтэй тархаж байна. Энэ өвчин нийгмийн давхарга, мэргэжил, нас хамаарахгүй бүгдийг хамарч байгаа юм. Вирус алдартнууд, тамирчид, улстөрчдийг ч ялгасангүй. Тиймээс коронавирусын халдвар авсан алдартнууд, одод, улстөрчдийн нэрсийг жагсаая.

Одод

Сүүлийн өдрүүдийн хамгийн халуухан мэдээллийн тоонд жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусын халдвар авсан тухай мэдээ орж байна. 63 настай жүжигчин эр өдгөө эхнэртэйгээ тусгаарлагдсан аж. Хэнкс Австралид Элвис Преслийн амьдралыг харуулсан кинонд дээр ажиллаж байгаа бөгөөд эндээ вирусын халдвар авчээ.

Тамирчид

Лондоны “Арсенал” багийн ерөнхий дасгалжуулагч Микель Артета коронавирусын шинжилгээ өгтөл эерэг хариу гарчээ. “Сэтгэлээр маш их уналаа. Гэхдээ би биеэ эвгүйрхмэгц л шинжилгээ өгч үзсэн. Боломжтой болохоороо ажилдаа орно” хэмээн Артета мэдэгджээ. Энэ асуудлаас болоод багийн дасгал сургуулилтаа хийдэг баазыг хаасан аж. Мөн түүний ойртын хавьтагчдыг хөл хорионд оруулжээ.

Түүнчлэн Италийн “Сампдория”-гийн алдарт хөлбөмбөгчин Маноло Габбьядини ч халдвар авсан байна.
Саяхан NBA-ийн тоглогч Руди Гобер коронавирусын аюулын тухай асуултад тохуурхан инээж байсан бол хоёр хоногийн дараа вирусын халдвартай нь тогтоогдож, Үндэсний сагсан бөмбөгийн ассоциаци улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болсноо зарлалаа.

Түүнчлэн Криштиано Роналдотой нэг клубт байдаг хүн коронавирусын халдвар авч, “Ювентус” хөлбөмбөгийн багийн хамгаалагч Даниэл Ругани COBID-19-ийн халдвартай нь тогтоогдсон. Германы “Ханновер 96” хөлбөмбөгийн багийн төвийн хамгаалагч Тимо Хюберс коронавирусээр өвчилснөө энэ сарын 11-нд зарласан байна.

Улстөрчид, сайд нар

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи ч мөн коронавирусын халдвар авчээ. Нөхөр нь одоогоор шинжилгээний хариугаа хүлээж, хоёр долоо хоногийн хөл хорионд ороод байна.

Австралийн Дотоод хэргийн сайд Питер Даттон коронавирусын шинжилгээ өгч, халдвартай гэсэн хариу авчээ. Тэрбээр баасан гарагийн өглөө сэртэл халуурч, хоолой нь өвдөж байсан гэнэ. Одоогоор биеийн байдал нь сайн байна.

Испанийн Тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд Ирен Монтеро халдвар авсан анхны том албан тушаалтан болсон. Одоогоор энэ эмэгтэйн биеийн байдал сайн байна. Энэ асуудлаас болоод Испанийн Шадар сайд Пабло Иглесиас болон Монтерогийн нөхөр хөл хорионд орсон. Мөн Засгийн газрын бүх гишүүн халдвар авсан уу гэдгээ шалгуулах шаардлагатай болжээ.

Их Британид коронавирусын халдвар парламентын гишүүн, Өвчтөнүүдийн аюулгүй байдал, амиа хорлолт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд Надин Доррисын биеийг доройтуулсан байна. Өдгөө 62 настай тэрбээр оношоо сонсмогцоо шууд л эмчийн зааврыг биелүүлж, өөрийгөө тусгаарлаж эхэлсэн гэжээ.
Польшийн зэвсэгт хүчний командлагч Ярослав Мика коронавирус туссан. Тэрбээр Германд цэргийн зөвлөлд оролцоод эргэж ирэхдээ коронавирусын халдвартай болох нь тогтоогджээ. Генералыг дагалдан явсан бүх хүнийг тусгаарласан байна. Одоогор түүний биеийн байдал хэвийн байна.

Коронавирусын халдвар тархсан Иран улсад парламентын гишүүдийн 8% нь халдвар авсан. Ираны Үйлдвэрлэлийн сайд Реза Рахманигаас гадна Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар өвджээ.

Үүнээс гадна Францын үндэсний хуралдааны Эльзасын төлөөлөгч Жан-Люк Райцер коронавирусын өвчлөл туссан, биеийн байдал нь хүнд байгаа болохоор Мюлузын эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн Францын Соёлын сайд Франк Ристер халдвар авсан нь тогтоогджээ.

Италийн Ардчилсан намын тэргүүн, эвслийн тэргүүн, Лацио мужийн захирагч Никола Зингаретти коронвирусын эерэг хариу авснаа хүлээн зөвшөөрч, түүнтэй сүүлийн өдрүүдэд харьцсан бүх хүн шинжилгээнд хамрагдаж байна.

Нас барагсад

Ираны гурван ч улстөрч коронавирусын халдвараар нас баржээ. Ватикан, Египет дэх Ираны Элчин сайдаар ажиллаж байсан Хади Хосроушахи хоёрдугаар сарын 27-нд коронавирусээс болж нас барсан бол Сири дэх Ираны Элчин сайд асан Хосейн Шейхольислам мөн гуравдугаар сард нас баржээ.

Түүнчлэн Иранд гуравдугаар сарын 7-нд шинэ парламентын бүрэлдэхүүнд багтах ёстой байсан гишүүн Фатима Рахбар коронавирусын хүндрэлээр өөд болжээ.

Эх сурвалж: tsn.ua

Орчуулсан: Э.МАРТ