Коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Эрүүл мэндийн салбар бүтэн 3 сар гаруй хугацаанд унтаж амрахыг умартан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэсэн өдрөөс хойш гуравхан хоногийн дотор гаднаас авчирч 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1200 гаруй хүнийг ажиглалтад авч, онош үгүйсгэн ажиллаж байна.
Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнийг илрүүлэн эмчлэхийн зэрэгцээ ойроос харьцсан хүмүүсийг цагдаа, хүчний байгууллагатай хамтран илрүүлж, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Ингэхэд ойрын хавьтлын 171, түүнд үйлчилсэн 36, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй сайхан мэдээтэй байна.
Харамсалтай нь сүүлийн үeд коронавирустэй гадны иргэнийг эрүүл мэндийн салбар хилээр нэвтрүүлсэн тухай ташаа мэдээлэл түгээгээд зогсохгүй түүнтэй 2 дугаар хавьталд орсон гэх хурган дарга хөл хорионоос оргосонд бас л салбар буруутай мэтээр бичих боллоо.
Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй. Иймд аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн урам зоригийг энэ мэт худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоор мохоохгүй байхыг хүсьe.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ