Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өнөөдөр /2020-0314/ хийсэн бөгөөд энэ үеэр

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “1298 хүнийг бид тусгаарлан ажиглалтад авч хянасан төдийгүй өнөөдөр 637 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн.

Өчигдөр шөнө Алтанбулагийн хилээр 13 хүн нэмж ирсэн. Австрали, Итали, Францаар дамжиж ирсэн иргэд ажиглалтад тусгаарлагдаад байна.

Бид эрдэмтэд, мэргэжилтнүүдтэйгээ хамтран шуурхай ажилласаар байгаа. Өнөөдрийн байдлаар 18668 эмнэлгийн ор бэлэн, үйл ажиллагаа явуулж байна. Тусгаарлах үйл ажиллагаанд зориулж  2915 ор, эрчимт эмчилгээний чиглэлээр 633 ор тус тус ашиглаж байна.

БНХАУ болон бусад улсын арга хэмжээний талаар мэдээлж буйгаар нийт халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь дунд зэргийн 5 хувь хүнд байгаа. Хөнгөн буюу дунд зэргийнх 14 хоног, хүнд хүмүүс 6-7 долоо хоног эмчлэгдэнэ гэж тооцож байна.

Түүнчлэн бид амьсгалын аппарат, хяналтын монитор, хүчлтөрөгчийн баллоны нөөц бэлдэж ажиллаж байгаа. Уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх тохиолдол байгаа тул ингэж ажиллаж байгаа юм.  Өвчтөн, сэжигтэй тохиолдол, хавьтлуудыг аль болох эмнэлэг рүү шавах нь эрсдэлтэй гэж үзсэн тул 100 ,103, 119, утсаар иргэдийг хандахыг зөвлөж, мэдээлсээр байна. Гадаад хэлээр зөвлөгөө авах бол Сос мед, Интермэдийн утсаар хандах юм.

Тусгай үүргийн онгоцоор иргэдийг авах тул резидент эмч нарыг бэлтгэсэн байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

By updown