Нийгэм

Польш Улсад оршин суугаа нийт монгол иргэд, оюутан, сурагчдын анхааралд

БНПУ-д “COVID-19” халдварын тархалттай холбогдуулж авч буй арга хэмжээний талаар Польшийн удирдлага хийсэн мэдэгдэл, Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй албан ёсны мэдээлэлд үндэслэн дараах мэдээллийг Польшид оршин суугаа нийт монгол иргэд, оюутан сурагчдад хүргэж, анхаарал болгоомжтой, хариуцлагатай хандахыг ЭСЯ-наас анхааруулж байна.

БНПУ-д 2020 оны 3 дугаар сарын 13-ны 23 цагийн байдлаар коронавирусын 68 дахь тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас бараад байна. Польш Улсад “Гоц халдварт өвчний заналхийллийн байдал” тогтоосон талаар Польшийн Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн.

Гуравдугаар сарын 15-наас буюу хагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнөөс Польшийн бүх хил дээр хилийн хяналтыг сэргээж, гадаадын иргэдийг орохыг хориглох юм байна. Эхний ээлжид 10 хоног, дараа нь байдлыг харгалзан 20 хоног болон нэг сар үргэлжлүүлэн сунгах боломжтойгоор энэхүү хоригийг нэвтрүүлж байгаа ажээ. Гадаадад байгаа польш иргэд буцаж орж ирж болно.

Тэд бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт орж, 14 хоногийн гэрийн хорионд заавал орох юм байна. Польшид хууль ёсоор байнга болон тодорхой хугацаагаар оршин суугаа гадаадын иргэд, польшийн иргэдийн гадаадын харъяат гэр бүл, үр хүүхэд Польшийн хилээр орж ирж болно. Гэхдээ польш иргэдийн нэгэн адил хяналтад хамрагдах ажээ.

Ачаа тээврээс бусад олон улсын нислэг, төмөр замын хөдөлгөөнийг дээр дурдсан өдрөөс зогсооно. Польшийн иргэдийг авчирах зорилгоор онгоцны тусгай нислэгүүдийг үйлдэх боломжтой гэнэ. Мөн иргэд автобус машинаар буцаж ирж болно.
Ачаа, бараа тээвэрлэлтэд өөрчлөлт хориг тавихгүй. Харин жолоочийг үзлэгт оруулна.

Боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг Польшийн удирдлага өчигдөр мэдээлсэн. 14-нөөс буюу маргааш өдрөөс худалдааны төвүүдийг хаана. Клуб, бар, казино, ресторануудын үйл ажиллагааг хориглоно. Гэхдээ нийтийн хоолны газрууд захиалгаар хоол хүргэх үйлчилгээг явуулж болно. Хүнсний дэлгүүр, банк, эмийн сан, угаалгын газар, үйлчилгээний цэгүүд ажиллана.

Нийт 50-аас дээш хүнийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглоно. Жагсаал цуглаан болон төр, шашин, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд энэ хориг хамаарна. Хүүхэд залуучуудыг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан болно.

БНПУ-д “COVID-19” халдварын тархалттай холбогдон үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан БНПУ-д оршин суугаа болон тус улсад зорчиж буй нийт монгол иргэд, оюутан сурагчдыг суугаа орныхоо хууль журмыг сайтар сахиж, Польшийн холбогдох албад, мэргэжлийн байгуулагаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдөхийг Элчин сайдын яамнаас уриалж байна.

Манай ЭСЯ иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг хэвийн явуулж байгааг дахин мэдэгдэе. “COVID-19” халдварын аливаа асуудлаар Варшав дахь ЭСЯ-нд хандах +48 538 286 500 дугаартай шуурхай утсыг ажиллуулж байна.
ЭСЯ-ны албан ёсны вэб болон фейсбүүк хуудсаар гарч буй мэдээллүүдэд анхаарал хандуулж, түгээн дэлгэрүүлж, ЭСЯ-наас өгсөн анхааруулга зөвлөгөөг дагаж мөрдөхийг БНПУ-д оршин суугаа нийт монгол иргэдэд даалгаж байна.

МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 13

14

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close